Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

18 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Хоёр. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжингийн ирүүлсэн тайлбарт: “... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн үндсэн тогтолцоо нь Улсын дээд шүүх /хяналтын шатны шүүх/, аймаг, нийслэлийн шүүх /давж заалдах шатны шүүх/, сум буюу сум дундын, дүүргийн шүүх /анхан шатны шүүх/-ээс бүрддэг. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу Монгол Улсын иргэн өөрт хамааралтай хэрэг, маргаанаа анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлсний дараа анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, гэмт хэргийн хүнд хөнгөн ба шийтгэгдсэн этгээдийн хувийн байдалд тохироогүй ял оногдуулсан гэж үзвэл давж заалдах шатны шүүх буюу аймаг, нийслэлийн шүүхэд хохирогч, шүүгдэгч, түүний гэр бүл, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах эрхтэй. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний давж заалдах эрхийг хангаж байгаа шүүх бол давж заалдах шатны шүүх буюу аймаг, нийслэлийн шүүх юм. Харин хяналтын шатны шүүх буюу Улсын дээд шүүхэд анхан болон давж заалдах шатны шүүхээр хэрэг, маргаанаа шийдвэрлүүлсэн шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогчийн өмгөөлөгч тухайн хэрэг, маргаанаа хянуулах зорилготойгоор гомдол гаргадаг. Хяналтын шатны шүүх нь эрүүгийн гэмт хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан, нөхцлийг тогтоохгүй бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөв хэрэглэж байгаа эсэх, шүүн таслах үйл ажиллагааг хуулийн дагуу зөв явуулж байгаа эсэхийг л хянадаг. Ийм ч учраас Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн ...”, “... шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.” гэж хуульчилсан. Олон улсын жишгээс үзэхэд хяналтын журмаар гомдол гаргасны дагуу үүсэх маргаан нь иргэний маргаан биш зөвхөн хуульчдын хооронд өрнөдөг эрх зүйн маргаан юм. Зарим орны эрх зүйн практикт давж заалдах шатны шүүхэд хүртэл иргэн зөвхөн өмгөөлөгчөөрөө дамжуулан гомдол гаргахаар хуульчилсан байдаг. Дээр дурдсан дэлхийн эрүүгийн эрх зүйн тогтолцооны нийтлэг зарчим, хандлагыг харгалзан Улсын Их Хурал 2007 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан юм.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5