122 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Ес. Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 71 дүгээр тогтоолоор томилсон шинжээч Ч.Энхбаатар, Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар нарын нэгдсэн дүгнэлтэд: 1. Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэг нь зөвхөн Улсын дээд шүүх болон бусад шатны шүүхэд шүүгч томилоход шалгуур болгох үзүүлэлт бөгөөд энэ хэсгийн “мэргэжлээрээ ажилласан” гэдэгт хууль зүйн дээд боловсрол эзэмшсэн байхын зэрэгцээ заавал хуульчийн эрхтэй байх шалгуур тавигдана. Хууль зүйн дээд боловсролтой байна гэсэн шаардлага нь шүүгч болох этгээд хууль зүйн тодорхой мэдлэг, чадвар, туршлага эзэмшсэн байх агуулгатай байна. Энэ нь ихэнх улсад шүүгч болох этгээдэд тавих үндсэн шалгуур болдог. Шүүгч болох этгээд хууль зүйн мэдлэг чадвартай байхыг шаардаж буй нь заавал “хуульч” байх шаардлагыг давхар агуулж байна. Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцолгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийн бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ.” гэсэн нь шүүгчид нэр дэвшигч нь хуульчийн эрхээ авсан байх шаардлагатай болохыг харуулж байна. Ингэж үзвэл мэргэжлээрээ ажилласан гэдэгт хууль зүйн дээд боловсролтой, эрх зүйн зохих мэдлэг, чадвар, туршлага эзэмшсэн хуульч хүн эзэмшсэн мэргэжлээрээ тодорхой хугацаагаар ажилласан байхыг ойлгохоор байна. Түүнчлэн хуульчийн эрхээ авсан, мэргэжлийн бусад үйл ажиллагааг эрхэлж буй хуульчийг мэргэжлээрээ ажилласан гэдэгт хамруулан ойлгоно. Тухайлбал, хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн эрхээ авсан, хуульд заасан тодорхой хугацаагаар шүүгчийн туслах болон шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажилласан этгээдэд Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “мэргэжлээрээ ажилласан” гэдэгт хамаарна гэж үзэхээр байна. 2. Үндсэн хуулийг тайлбарлах онолын үүднээс хэл зүйн, зорилгод үндэслэсэн, түүхэн, үр дагаврыг харгалзан тайлбарлах зэрэг хэд хэдэн төрлийн арга байдгаас Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “мэргэжлээрээ ажиллах” гэсэн ойлголтыг Үндсэн хуулийн эрх зүйн үүднээс уг зүйл, заалтын агуулга, зорилготой нийцүүлэн тайлбарлах нь зүйтэй юм. Энэ зүйлд заасан “мэргэжлээрээ ажиллах" гэдэг нь Үндсэн хууль дахь шүүх эрх мэдлийн бие даасан байдал,
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5