96 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах аргаар баталгаажуулахыг Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт ипотек гэж тодорхойлсон. Ипотекийн харилцаа нь талуудын чөлөөт хүсэл зоригт үндэслэн үүсдэг тул үүрэг гүйцэтгүүлэгчийн хувьд шаардлагаа хангуулах баталгаа болж байгаа ипотекийн зүйлийн өмчлөлийн асуудалд тодорхой ашиг сонирхол байдаг бөгөөд Иргэний хуулийн дээрх заалт нь уг ашиг сонирхлыг хамгаалахад чиглэгдсэн зохицуулалт юм. Нөгөөтээгүүр, үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авахаар заасан дээрх зохицуулалт нь иргэний өөрийн өмчлөлд байгаа ердийн өмч, хөрөнгийг захиран зарцуулах талаарх зохицуулалт бус харин банкны урт хугацааны зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхтэй холбоотой асуудлыг зохицуулсан юм. Ийнхүү үүрэг гүйцэтгэгч зөвшөөрөл авсны үндсэн дээр өмчлөх эрхийг шилжүүлэх зохицуулалт нь үүрэг гүйцэтгүүлэгчийн ипотекийн эрх хөндөгдөх, зээлүүлсэн мөнгөн хөрөнгө эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх, баталгаажуулах, хамгаалах ач холбогдолтой зохицуулалт болохоос өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарлаагүй болно. Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч нь зөвхөн зээлийн барьцаанд бариулсан үл хөдлөх эд хөрөнгөө бусдын өмчлөлд шилжүүлэх тохиолдолд л үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авсны үндсэн дээр шилжүүлэхээр заасан болохоос уг хөрөнгийг бусдад эзэмшүүлэх, ашиглуулахад /хөлслөх, түрээслэх/ зөвшөөрөл шаардаагүй бөгөөд үүрэг гүйцэтгэгч өөрийн үзэмжээр шийдвэрлэх эрх нь нээлттэй байгаа. Түүнчлэн, Иргэний хуулийн дээрх заалт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний өмчлөх эрхийг зөрчсөн бус харин ч ипотекийн урт хугацааны зээлийг ашиглан шударгаар хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө олж авах боломжийг олгож байгаа заалт гэж ойлгож байна. Дээр дурдсаныг үндэслэн Иргэний хуулийн 170 дугаар зүйлийн 170.6 дахь хэсэгт “Өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх хэлцэл хийх бол үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах үүрэгтэй.” гэж, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5