72 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны оршин суугч, иргэн Д.Батбаатар Үндсэн хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий мэдээллийг ирүүлсэн байна. Үүнд: “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн үндсэн зорилт нь “Улсын Их Хурлын нэгдсэн, Байнгын, дэд, түр хороодын хуралдааныг зохион байгуулах, хуралдаанаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, тодорхой асуудал хэлэлцэх, санал хураах, шийдвэр гаргах дэг, журамтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” хэмээн тодорхойлсон байна. Гэтэл энэ хуулийн “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэх журам” гэсэн 37 дугаар зүйлд “37.4. Нэр дэвшигчийг гишүүдийн олонхи дэмжээгүй бол Ерөнхийлөгч 7 хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлнэ.” гэсэн заалт оруулсан байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцэхгүй байна. Монгол Улсын Үндсэн хуульд Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газрын бүрэн эрхийг хатуу тогтоож өгсөн байдаг. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.”, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтад Улсын Их Хурал нь “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хуульд зааснаар Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх, огцруулах; ...”, мөн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг “Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах;” гэж маш тодорхой заасан байна. Үндсэн хуулийн дээрх заалтуудад үндэслэн Улсын Их Хурал болон Ерөнхийлөгчийн хуулиудад тэдний бүрэн эрхийг нарийвчлан тогтоож өгсөн байдаг. Эдгээрээс харахад Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх, томилох эрх нь зөвхөн Улсын Их Хуралд байхаар зохицуулагджээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5