285 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Тав. Монгол Улсын Их Хурлын 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийн тухай” 76 дугаар тогтоолд: “Монгол Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр баталсан “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал өгөх өдрийг тогтоох тухай” 62 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... шударга ёс, ... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал ... -р нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... Төрийн байгууллагад ... сонгогдох эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд ... төрийн байгууллагын бусад шийдвэр ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг зөрчсөн байна.” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.” гэжээ. Зургаа. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд оролцох Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын 2018 оны 62 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай Цэцийн дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Үүнд: Монгол Улсын Их Хурлын 2018 оны 62 дугаар тогтоолыг Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Сонгуулийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийг үндэслэн баталсан. Уг тогтоол нөхөн сонгуулийг эхлэх өдөр болон санал авах ажиллагааг явуулах өдрийг тогтоосон хоёр заалттай бөгөөд тухайн сонгуульд нэр дэвшүүлэхэд тавигдах шаардлагын талаар тусгайлан зааж төрийн албан хаагчийн эрхийг хязгаарласан заалт уг тогтоолд байхгүй юм.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5