Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

224 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хуульд заасан “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” иргэний үндсэн эрхийг хязгаарласан байна. Нэгэнт шүүхийн шийдвэр гарсан бол түүний зөрчигдсөн эрхийг гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хуулийн дагуу сэргээх бөгөөд шүүхийн шийдвэр заавал биелэгдэх хүчинтэй байх ёстой юм. Төлбөрт гаргуулсан боловч худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөртөө тооцон авахаас татгалзсан бол тухайн гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцааж болох боловч төлбөр авагч нь тухайн шийдвэрийг биелүүлэхээр шийдвэр гүйцэтгэх байгууллагад ирүүлэх эрхтэй байх ёстой. Энэ тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дахин шинээр эхлэн төлбөр төлөгчийн эд хөрөнгийг хуульд заасны дагуу эрэх олох ажиллагааг явуулж, төлбөр авагчийн төлбөрийг барагдуулна. Ингэснээр шүүхийн шийдвэр заавал биелэгдэх, иргэний зөрчигдсөн эрхийг сэргээх хууль зүйн боломж хадгалагдан үлдэх юм. Өмнө мөрдөгдөж байсан 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт “Гүйцэтгэх баримт бичгийг энэ хуулийн 17.1-д заасан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан бол түүнийг дахин гүйцэтгүүлэхээр шийдвэр гүйцэтгэх албанд ирүүлж болно.” гэж заасан байв. Өөрөөр хэлбэл өмнөх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд төлбөр төлөгчөөс гаргуулсан худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагч төлбөртөө тооцон авахаас татгалзсан нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл болохгүй байв. Гэтэл шинэчлэн батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар энэ боломжийг хааж, төлбөр авагч нь төлбөр төлөгчийн худалдан борлогдоогүй хөрөнгийг заавал авах, ийнхүү аваагүй бол гүйцэтгэх баримт бичгийг дахин ирүүлэх эрхгүйгээр буцааж буй нь шүүхийн шийдвэр гарсан хэдий ч иргэн өөрийнхөө хохирлыг хэзээ ч барагдуулах боломжгүй нөхцөл байдал бий болгож байна. Иймд Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт “Гүйцэтгэх баримт бичгийг энэ хуулийн ... 31.1.2-т заасан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан тохиолдолд түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтыг зөрчсөн эсэхийг тогтоож дүгнэлт гаргаж өгнө үү.” гэсэн агуулгатай мэдээлэл ирүүлжээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5