Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

92 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 3.Адил албан тушаал, ижил мэргэжлээр нэг төрөл, хэлбэрийн ажил эрхэлж байсан хүмүүсийн хуучин хууль, эрх зүйн орчинд тогтоолгосон тэтгэврийн хэмжээ одоо тогтоолгож буй хэмжээ хоёр эрс зөрөөтэй байна. Өөрөөр хэлбэл хуучных нь их бага байна. Иймд үүнийг арилгах, дутуу олгогдсоныг нөхөн олгох шаардлагатай байна гэжээ. Үүнээс гадна бараа үйлчилгээний үнэ олон арав, зуу дахин өссөнтэй холбогдож тэтгэврийн худалдан авах чадвар мөн төдий чинээ унасан. Үүнийг харгалзан тэтгэврийн дутууг нөхөн олгох ёстой гэсэн санаа өргөдлүүдэд бий. Өргөдлүүдэд эдгээр гурван зүйлийг дурьдахдаа Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2, Арван зургадугаар зүйлийн 3, Арван есдүгээр зүйлийн 1, Гучин наймдугаар зүйлийн 7-д заасан заалтуудыг зөрчсөн гэжээ. 4.Шинэ хуулиар 20-иос дээш жил ажилласан бол илүү ажилласан жил тутамд 1.5 хувийн нэмэгдэл бодож олгох журмыг 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон хүмүүст хамааруулахгүй байгааг хамааруулдаг болгох. 5.Засгийн газрын 2005 оны 22 дугаар тогтоолын 2 дугаар хэсэгт заасан 120000 гэсэн тоо нь тэтгэвэр тогтоолгох 60 сарын дундаж хэмжээний дээд хязгаар байх утга агуулсан атал тэтгэвэр тогтоолгохоор сонгосон 60 сарын сар бүрийн цалингийн дээд хэмжээ болгон практикт буруу хэрэглэж 120.0-оос хэтэрсэн сарын цалинг энэ тоонд захируулан хасаж байгаа нь буруу байна. 6.Мөн тогтоолын 2 дугаар хэсэгт заасан “1998 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 120000 төгрөгөөр тогтоосугай” гэсэн нь иргэдийг нас, тэтгэвэрт гарсан он, сараар ялгаж Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь заалтыг зөрчиж байна гэжээ. Хоёр.Эдгээр өргөдлүүдтэй Засгийн газар танилцаад дараахь тайлбарыг ирүүлсэн байна. Үүнийг сийрүүлбэл: Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд гомдол, нэхэмжлэл гаргасан иргэн Ж.Батсамбуу, С.Батсүх, Б.Дэмбэрэл нарын өргөдөлтэй танилцан доорх тайлбарыг хүргүүлж байна. 1.Засгийн газрын 22 дугаар тогтоолыг хүчингүй болгох талаар өргөдөлд дурджээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5