Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

604 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Хоёр. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Шаравдорж Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342.1-д зааснаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл прокурор бусад оролцогчдын адил хяналтын шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэй. Хяналтын шатны шүүхийн тогтоол хуульд харшилсан гэж үзвэл Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих, эсэргүүцэл бичсэнээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр нэг удаа хянан шийдвэрлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 347.4, 347.5-д заасан болно. Прокурорын байгууллага нь Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах үндсэн үүрэгтэй болохыг, прокурор шүүх хуралдаанд оролцох чиг үүргээ биелүүлэхдээ хуулиар тогтоосон үндэслэл журмын дагуу эсэргүүцэл бичихийг Прокурорын байгууллагын тухай хуулийн 2, 31 дүгээр зүйлд тус тус заасан. Иймд Ерөнхий прокурор хяналтын шатны шүүхийн тогтоол хуульд харшилсан гэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 347 дугаар зүйлд заасны дагуу эсэргүүцэл бичиж зөвтгүүлж байгаа нь эрүүгийн хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх прокурорын үндсэн чиг үүрэгтэй бүрнээ нийцэж байгаа болно. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн дүгнэлт, Ерөнхий прокурорын эсэргүүцлийг үндэслэж Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэргийг хэлэлцсэн аль ч тохиолдолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 17 дугаар зүйлд заасан прокурор болон өмгөөлөгч нар нь адил тэгш эрхтэйгээр шүүх хуралдаанд оролцож, хэрэгт ач холбогдол бүхий ямарч асуудлаар саналаа илэрхийлж эрх тэгш мэтгэлцэх боломжтой байгаа болно. Дээд шатны прокурор болон улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичиж байгаа нь шүүхийн үйл ажиллагаанд хяналт тавьж, шүүгчийн хараат бус байдлыг зөрчсөн үйлдэл огтхон ч биш бөгөөд харин прокурор, шүүгч нарын хууль бус үйл ажиллагаа, алдаа зөрчлийг тухай бүр зөвтгүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээд нэг бүрт зохих ялыг шударгаар оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, мөн гэм буруутай этгээдэд ял завшуулахгүй байх ач холбогдолтой гэж үзэж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5