Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

576 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Гурав. Монгол Улсын Ерөнхий Прокурор М.Алтанхуягын Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбарт: 1. “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “ Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй” гэж заасныг удирдлага болгон шүүх хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргах нь тухайн хэргийг бодит үнэнийг тогтоох, зорилгоос үүдэлтэй болно. Шүүх эрүүгийн хэрэгт ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзээд хэргийг дахин шалгуулахаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцааж байгаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.2, 230 дугаар зүйлийн 230.1, 250 дугаар 250.2, 315.1.2, 322 дугаар зүйл, 350 дугаар зүйлийн 350.1.3, 352 дугаар зүйлийн 352.1-д заасан хуулийн зохицуулалтыг зөвхөн яллах талын нотлох баримтуудыг нэмж хийлгүүлэхээр буцааж байгаа тул Үндсэн хуулийг зөрчсөн гэж өрөөсгөлөөр дүгнэж болохгүй бөгөөд шүүх цагаатгах талын нотлох баримтуудыг ч мөн нэмж шалгуулахаар буцаах эрхтэй. 2. Прокурор хэдийгээр шүүх хуралдаанд яллах чиг үүрэгтэй оролцдог боловч Үндсэн хуулийн 56-р зүйл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 30 дугаар зүйл, 193 дугаар зүйл, Прокурорын байгууллагын тухай хуулийн 12, 15 дугаар зүйлүүдэд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ цагаатгах болон яллах нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлж хэргийг хянах үүрэгтэй юм. Түүнчлэн шүүх хуралдаанд яллах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хангалттай бус нотлох баримтанд үндэслэн шүүгдэгчийг яллах бус харин ч хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 239 дүгээр зүйлийн 239.4.2т зааснаар саналаа бичгээр гаргах төдийгүй уг саналыг нь шүүгч хүлээн авах нөхцлийг бүрдүүлсэн нь шүүх зөвхөн яллах талд үйлчилсэн, шүүгдэгч, өмгөөлөгч талын эрх, ашгийг бүрэн үгүйсгэсэн заалт болсноороо Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэх боломжгүй бөгөөд харин байцаан шийтгэх ажиллагааны явцад хүний эрхийг зөрчигдөхөөс хамгаалах үүргээ хэрэгжүүлж байгаагийн нэг илрэл гэж үзэж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5