471 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл “Дэлхийн зах зээлийн үнэ” -гэснээр Монголбанк нь дэлхийн хэмжээнд үнэ зарладаг хэд хэдэн том биржийн үнэд үндэслэн 1 унци алтны үнийг зарлах боломж олгосон гэж үзэж байна. Иргэн Б.Баяраагийн мэдээлэлд дурдьсанчлан Монголбанк нь нэг биржийн үнийг шууд өөрчлөлгүй зарлах нь учир дутагдалтай болно гэж үзэж байна. Нөгөө талаар Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн 3.1.1 болон 4.1.4 дэх заалтад “дэлхийн зах зээлийн үнийг харгалзан Монгол банкнаас зарласан 1 унци алтны үнэ” гэсэн хуулийн заалт нь өөрөө Монголбанкинд тухайн ханшийг зарлах эрх олгосон заалт болно. Иргэн Б.Баяраа мэдээллийнхээ 2-т Улсын Их Хурлын шийдвэр, үйл ажиллагаа нь “Хууль болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай” хуулийн дагуу явагддаг. Гэтэл зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчсөн, хууль санаачлагч нь санаачилсан хуулийнхаа төслийн талаар Засгийн газрын болон холбогдох бусад байгууллагын санал, дүгнэлтийг аваагүй гэсний тухайд: Улсын Их Хурал үйл ажиллагаандаа Үндсэн хууль, Улсын Их Хурлын тухай хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хууль, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэг батлах тухай Улсын Их Хурлын тогтоол болон холбогдох бусад хууль тогтоомжийг мөрддөг бөгөөд Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хууль нь Улсын Их Хурлын үйл ажиллагааны зөвхөн нэгэн хэсэг буюу “…хууль санаачлагч хууль санаачлах эрхээ хэрэгжүүлж хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэхтэй холбогдсон харилцааг” зохицуулдаг билээ. Улсын Их Хурлын тухай хуулийн 32.1 дэх хэсэгт: Улсын Их Хурал хууль тогтоох бүрэн эрхээ гагцхүү чуулганаар хэрэгжүүлэх бөгөөд нэгдсэн болон байнгын хороодын хуралдааныг бэлтгэн явуулах, хуралдаанаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, тодорхой бусад асуудал хэлэлцэх, санал хураах, батлах, шийдвэр гаргахдаа Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг баримтална гэж заасан байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5