Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

400 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Улсын Их Хурал Монгол Улсын 2007 оны төсвийн тухай хуулийг батлан гаргахдаа Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 33.2.4-ийг үндэслэн Улсын төсвийн хөрөнгөөр болон Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр 2007 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламж бүрээр жагсаалтыг баталсан. Энэ ажиллагаа нь Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчсөн биш харин Үндсэн хуулийн энэ заалтын хүрээнд явагдсан ажиллагаа гэж үзэж байна. 4. Жаран хоёрдугаар зүйлийн 1. “Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна”; Жаран хоёрдугаар зүйлийн 2. “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно” гэж тус тус заасныг зөрчсөн гэсэн тухайд: Монгол Улсын төсвөөс орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор хэрэгжүүлэх тодорхой хөрөнгө оруулалтын арга хэмжээнүүдийг Улсын Их Хурлын гишүүд болон аймаг, нийслэлийн ИТХ-ын саналыг үндэслэн төсөв захирагчдын багцаар дамжуулан баталсан нь төсвийн харилцааг зохицуулсан Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, Монгол Улсын Нэгдсэн төсвийн тухай хууль болон хууль тогтоомжийн хүрээнд нийцэж байгаа юм. Аливаа сонгогчид өөрийн мандатаар дамжуулан эрх ашиг, сонирхлоо илэрхийлдэг нь дэлхий нийтэд тогтсон жишиг юм. Улсын Их Хурлын гишүүд ч тухайн тойргийнхоо бүс нутгийн хөгжил, иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр тодорхой санал гаргаж Улсын Их Хурлаар дэмжүүлэн батлуулж байгаа нь энэхүү жишгийг дагасан хэрэг болно. Монгол Улсын 2007 оны төсвөөр хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг ийнхүү баталж байгаа нь нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдэж байгаа бус гагцхүү Улсын Их Хурал өөрт Үндсэн хуулиар олгогдсон онцгой эрхийн хүрээнд асуудлыг шийдвэрлэсэн байна. Ийм учраас Үндсэн хуулийн энэ заалтуудыг зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5