306 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Зах зээлийн эдийн засгийн харилцааг төрөөс зохицуулах арга механизмын нэг гол хэлбэр болсон Засгийн газрын дэргэд бус, хууль тогтоох байгууллагаас байгуулагдаж, түүнд ажлаа тайлагнадаг, эрх мэдэл, үйл ажиллагааных нь журмыг хууль тогтоох байгууллагаас баталдаг төрийн байгууллагын бүтэц дэлхий нийтэд нэгэнт хэвшмэл болсон зүйл юм. Ийм байгууллагын жишээ нь АНУ-ын Холбооны худалдааны комисс, АНУ-ын Үнэт цаасны комисс гэх мэт байгууллага болон манай улсын хувьд өмнө ажиллаж байсан Үнэт цаасны хороо, Монгол банк гэх мэт байгууллагууд юм. Үнэт цаасны хорооны үйл ажиллагаа шинэ эрх зүйн орчны хүрээнд Санхүүгийн зохицуулах хороонд шилжин ирсэн ба энэ хандлагыг удирдлага болгон үзвэл манай улсад байгуулагдан ажиллаж байгаа Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар ч шууд утгаараа Засгийн газраас хараат бус ажиллах ёстой юм. Эдгээр байгууллагын гол шинж нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын аль алиных нь шинжийг өөртөө агуулсан байдагт оршино. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлыг авч үзвэл хорооны гишүүд нь Улсын Их Хурлаас томилогддог, хороо нь Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг, хорооны дүрмийг Улсын Их Хурал баталдаг гэх мэт зохицуулалтын шинжээрээ Засгийн газрын биш, бие даасан статустай төрийн байгууллага юм. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд тус хорооны бүрэн эрхийг: - санхүүгийн үйлчилгээтэй холбоотой хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд нь хяналт тавих; - бүрэн эрхийнхээ хүрээнд дүрэм, журам, заавар баталж, хэрэгжилтэд нь хяналт тавих, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор шаардлагатай шалгуур үзүүлэлт, бусад хэм хэмжээг тогтоох; - санхүүгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих; - тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг шалгах; - тусгай зөвшөөрөл эзэмшигчээс төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох; - тусгай зөвшөөрөл эзэмшигч хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгч хооронд гарсан маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан шийдвэрлэх;
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5