Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

290 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл - 7.3.3.өөрийнх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах эсэх асуудлаар санал хураах үед; - 7.3.4.өөрийг нь гэмт хэрэгт холбогдуулан шалгах зөвшөөрлийг эрх бүхий байгууллагад өгөх асуудлаар санал хураах үед; - 7.3.5.өөрийг нь сэжигтнээр албадан саатуулах, цагдан хорих, гэр, албан өөрөө, тээврийн хэрэгсэл болон биед нь үзлэг, нэгжлэг хийх, түүнчлэн өөрт нь шүүхийн журмаар захиргааны шийтгэл ногдуулах зөвшөөрлийг эрх бүхий байгууллагад өгөх асуудлаар санал хураах үед; - 7.3.6.Засгийн газарт итгэл үзүүлэх, түүнийг огцруулах асуудлаар санал хураах үед Засгийн газрын гишүүнээр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн тус тус энэ хуулийн 7.1.5-д заасан таслах эрхийг эдлэхгүй гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын эрх ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална, Хорин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэсэн заалтыг зөрчиж байна. Улсын Их Хурлын аливаа бүрэн эрхийн асуудлаар шийдвэр гаргахад таслах эрхтэй оролцох нь ард түмний элч мөний хувьд Улсын Их Хурлын гишүүнд Үндсэн хуулиар олгогдсон, анхдагч гэж хэлж болох, бүрэн эрх юм. Хэдэн жилийн өмнө Харвардын Университетээс зохион байгуулсан чөлөөт зах зээлтэй улсуудын наяад улс төрийн намыг хамарсан хөндлөнгийн судалгаагаар “улс төрийн нам гэдэг бол төрийн эрх мэдлийг авах үндсэн сонирхол бүхий бүлэг хүмүүс” гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг. Төрийн эрх мэдлийн төлөө нам бүлгүүдийн хооронд бие биенээ унагах гэсэн улс төрийн тэмцэл өрнөж байдаг Улсын Их Хурал шиг ийм байгууллагад гишүүний энэхүү анхдагч эрхийг хязгаарлах нь зарим тохиолдолд Улсын Их Хурлын сонгуулиар буй болсон албан ёсны олонхийг үгүйсгэх, улмаар хууль зүйн үндэслэлгүй сэдэлтийг өөгшүүлэх, Улсын Их Хурлаас нийгмийн нийтлэг эрх ашигт буюу ард түмний хүсэл зоригт нийцээгүй шийдвэр гарахад нөлөөлж болох юм. Энэхүү хязгаарлалтыг нам, эвслийн үндсэн сонирхол, түүнтэй холбоотой сонирхлын зөрчлөөс жижиг хувийн сонирхлын зөрчлөөр тайлбарлах ёсгүй. Ийнхүү Улсын Их Хурлын гишүүний таслах эрхийг хуулиар хязгаарлах нь гишүүний халдашгүй байдлыг хөндөн Үндсэн хуулийн дээрх заалтуудыг зөрчиж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5