Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

253 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шийдвэрлэх хүрээнд хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан иргэний сонгох эрхийг зарим талаар хязгаарлахад хүрч байна. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн заалтаар Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9-д заасан эрх нь сонгуулийн хороодын шийдвэрээр зөрчигдсөн гэж үзвэл Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т заасны дагуу шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх, шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхийг нь хассан байна. 2.Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн заалтаар Үндсэн хуулийн заалт зөрчигдсөн тухай маргаан бус харин органик хуулийн нэн тодорхой заалт зөрчигдсөн тухай маргааныг Үндсэн хуулийн цэцэд харъяалуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1-д “Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн” хэмээн заасан. Үүнтэй холбогдуулан Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих гэдэгт юуг хамааруулж ойлгох талаар зайлшгүй хөндөх шаардлага гарч байна. Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих гэдэгт юуны өмнө уг маргаан нь Үндсэн хуульд өөрт нь заасан ёсоор хууль зүйн хамгийн дээд хүчин чадалтай акт болох Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн тухай маргаан байх, маргааны хэмжүүр нь гагцхүү Үндсэн хууль өөрөө байх, түүнчлэн маргааны зүйл нь төрийн хамгийн дээд байгууллага, түүний өндөр зиндааны албан тушаалтны үйл ажиллагаа байх гэсэн үзүүлэлтүүд хамаарна. Энэ шалгуурт тэнцэж байвал Үндсэн хуулийн биелэлтэд тавьж буй дээд хяналт болно гэж үзэж байна. Гэтэл Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн заалтаар Үндсэн хуулийн цэцийн маргааны хэмжүүр нь Үндсэн хуулийн зүйл, заалт бус, зөвхөн органик хуулийн маш тодорхой зүйл, заалтаар хэмжүүр хийх зайлшгүй шаардлагыг Цэцэд тулгасан байна. Учир нь маргааныг хянан шийдвэрлэхэд баримтлах шаардлага, шалгуур, журам нь Үндсэн хуульд бус харин органик хуульд өөрт нь маш дэлгэрэнгүй агуулагдаж байгаад оршино. Энэ нь ч зүйн хэрэг. Тэдгээр нь ердийн хуульд байвал зохих нийтлэг шаардлага, журам учраас түүнтэй холбогдсон маргаан нь үнэн хэрэгтээ Үндсэн хуулийн бус маргаан юм.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5