229 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл боломжтой юм. Өөрөөр хэлбэл, одоогоор өмчлөх эрх нь үүсээгүй хэдий ч ирээдүйд үүсэх боломжтой нь тодорхой болсон эд хөрөнгийн талаар өмчлөх эрх үүссэн тохиолдолд барьцааны шаардах эрх үүсэхээр болзол тавьсан барьцааны гэрээ байгуулж болохоор тусгагдсан байна. Энэ заалтыг илүү дэлгэрэнгүй болгох нь чухал ач холбогдолтой хэдий ч Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3, 154.4-т оруулсан нэмэлтүүд нь дээр дурдсан харилцааг харамсалтай нь зохицуулж чадаагүй байна. Хуульд тусгагдсан одоогийн хэлбэр нь барьцааны гэрээний онцлог төрлийг тодотгож өгөөгүйгээс гадна харин бүр барьцааны гэрээний энгийн хэлбэрийг ч ойлгомжгүй болгосон байна. Үүнийг доорхи үндэслэлээр тайлбарлаж байна. 1.1. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.3-т “барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүснэ” гэснийг үгийн шууд утгаар нь тайлбарлахад “барьцааны зүйл болох эд хөрөнгө нь бусдын өмчлөлд байгаа хэдий ч ирээдүйд барьцаалуулагчийн өмчлөлд шилжих бодит бололцоо бүрдсэн тохиолдолд барьцааны зүйл байж болно. Энэ тохиолдолд өмчлөх эрх барьцаалуулагчид шилжсэнээр барьцааны эрх үүснэ” гэж ойлгогдохгүй байна. Ямар нэгэн тодотголгүйгээр бусдын өмчлөлийн зүйлийг барьцаалж болно гэж тусгаж орхисноор тухайн эд хөрөнгийн өмчлөгчийн эрхийг зөрчөөгүй гэж үзэх үндэслэл харагдахгүй байна. Энд тухайн өмчлөгчийн хүсэл зоригийн илэрхийлэл биш юмаа гэхэд ядаж зөвшөөрөл байх тухай чухал заалт огт хэрэггүй мэт орхигджээ. 1.2. Барьцааны зүйл ирээдүйд барьцаалуулагчийн өмчлөлд шилжих боломжтой байх нь бусдын өмчлөлийн эд хөрөнгийг барьцаалах цорын ганц тохиолдол биш юм. Барьцааны эд хөрөнгийн өмчлөгч, барьцаагаар хангагдах шаардлагыг биелүүлэх ёстой үүрэг гүйцэтгэгч хоёр өөр этгээд байх тохиолдол нь барьцааны гэрээгээр үүрэг үүсэх хамгийн түгээмэл тохиолдол билээ. “Барьцааны зүйл бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно” гэсэн зохицуулалт энэ тохиолдолд хамааралгүй гэж үзэх үндэслэл байхгүй байна. Энэ утгаар нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдын үүрэгт барьцаалах хэлбэрээр захиран зарцуулахыг хүсвэл өмчлөх эрхээсээ татгалзаж, үүрэг гүйцэтгэгчийг барьцаалуулагч болго гэсэн утга санаатай болсон хуулийн зохицуулалтыг Улсын Дээд шүүх Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хөдлөх, үл хөдлөх
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5