215 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Иргэний хуулийн /2002 оны/ 75 дугаар зүйлд зааснаар хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байдаг ба хуульд тусгайлан заасан тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацааг хэрэглэж болдог. Гэхдээ Монгол Улсын Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ: 75.2.1. гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил; 75.2.2. үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил; 75.2.4. бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил… гэх мэтээр тусгай хугацаа тогтоосон байна. Түүнчлэн мөн хуулийн 74.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх хугацаа эдийн бус хөрөнгөд хамаарахгүй”; 74.3-т “хуульд тусгайлан заасан бол эд хөрөнгийн зарим эрхэд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй” гэж заасан нь тухайн харилцааны онцлогт тохируулан хөөн хэлэлцэх хугацаа тогтоодгийг харуулж байна. Иргэний эрх зүйн харилцаанд сайн дураараа хүсэл зоригоо илэрхийлэн тэгш эрхийн үндсэн дээр оролцож байгаа эрх зүйн этгээдүүдийн зөрчигдсөн эрхийг сэргээх хөөн хэлэлцэх хугацаатай харьцуулахад төр, иргэн хоёрын хоорондох нэг нь нөгөөдөө захирагдах тэгш бус харилцаанд төрийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн эрх нь зөрчигдсөн иргэний эрхийг сэргээх хөөн хэлэлцэх хугацаа тогтоосон, тэгэхдээ иргэний эрх зүйн харилцааны ерөнхий хөөн хэлэлцэх хугацаанаас ч бага байхаар тогтоосон нь үндэслэлгүй бөгөөд харин ч төр иргэндээ эрхээ хамгаалуулах илүү боломж олгох ёстой. Иргэнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн зэрэг үйлдэл нь төрийн албадлагын үйлдэл учраас хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгах ёстой.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5