167 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 4. Үүний зэрэгцээ хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн зарчим ч ноцтойгоор хөндөгдөж болзошгүй юм. Яг ижил гэрээний харилцаанд оролцож буй өөр өөр этгээдийн эрх, үүрэг өөр өөр байх нь энэ зарчимд нийцэхгүй гэж бид үзэж байна. Зээлийн гэрээний харилцааг Иргэний хууль зохицуулсаар байхад энэ гэрээний үндсэн шинж буюу гэрээний хугацаа, үүргээ биелүүлээгүйгээс шаардлага тавих эрх зэргийг хуулийн төсөлд (4.1., 5.1.) тусгасан нь ойлгомжгүй байгаагаас гадна хууль тогтоомжийн шатлан захирах ёсыг зөрчиж Иргэний хуульд заагдаагүй зүйл тусгагдсан байна. 5. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн зорилтоос үзэхэд улсын бүртгэлийн алба нь өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хуульд заасан журмын дагуу хийх эрх бүхий байгууллага байна. Гэтэл Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах тухай хуулийн төсөлд улсын бүртгэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх шийдвэр гаргах эрх бүхий этгээд болж хувирч байна. 6. Манай улсад үл хөдлөх эд хөрөнгийн ойлголт жинхэнэ утгаараа дөнгөж бий болж байгаа өнөө үед үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой аливаа харилцааг хөнгөн гоомой, Иргэний хуулийн зохицуулалтаас гадуур, иргэний эрх зүйн харилцааны оролцогч аль нэг субъектын эрх ашгийг илүүд үзэж шийдвэрлэх нь төдийлөн зохимжгүй байгаагаас гадна ер нь хууль тогтоомжийн шатлан захирах ёс, иргэний эрх зүйн шинжлэх ухаанд харш юм. 7. Монгол Улсын иргэний өмчлөх эрхийг хөндөх асуудлыг зөвхөн шүүх шийдвэрлэж байх нь Үндсэн хуульд нийцэх тул энэхүү хуулийн төслийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн саналтай …гэжээ. ҮНДЭСЛЭЛ: Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулахад зээлдүүлэгч болон Эрхийн улсын бүртгэлийн алба энэ хуульд заасан журмыг зөрчсөн бол зээлдэгч нь шүүхэд гомдол гаргаж болох ба шүүх уг гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэнэ”; 27.2 дахь хэсэгт “Шүүх 27.1-д зааснаас өөр үндэслэлээр гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзана” гэж заасан байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5