161 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Жишээлбэл, хүн сонгох эрхээ хэрэгжүүлэхээс татгалзах боломжтой бөгөөд энэ нь сонгуулийн санал хураалтад оролцохгүй байх эс үйлдэхүйгээр илэрхийлэгдэнэ. Энэ тохиолдолд төр тухайн хүнээс эрхээ хэрэгжүүлэхийг заавал тулгаж, шаардаж болохгүй. Харин жам ёсны эрхээ хэрэгжүүлэхээс татгалзах эсэх асуудал нь өнөөг хүртэл маргаантай хэвээр байна (тухайлбал, амьд явах эрхээсээ татгалзаж болох эсэх). Тэгвэл шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлэхээс татгалзах нь нэгдүгээрт, шүүхэд гомдол гаргахгүй байх идэвхтэй хэлбэрээр; хоёрдугаарт, гэрээтэй холбогдсон асуудлын хувьд маргааныг шүүхийн бус журмаар /шүүхийн оролцоогүйгээр/, эсхүл үл маргах журмаар шийдвэрлэхээр харилцан тохиролцсон үйлдэл буюу идэвхтэй хэлбэрээр илэрч болно. Үүний нэг жишээ нь арбитраар маргаанаа шийдвэрлүүлэх замаар шүүхэд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэхээс татгалзах явдал гэж үзэж болно. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, мөн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бүх шатны болон дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно” гэж тус тус заасан. Иймээс арбитраар маргааныг хянан шийдвэрлэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхтэй” байхаар заасныг зөрчсөн гэж үзэх үү гэсэн асуудал үүсэх нь зайлшгүй. Гэвч арбитр нь талууд хэлэлцэн тохиролцсон тохиолдолд л маргааныг шийдвэрлэдэг бөгөөд энэ талаар “Арбитрын тухай” хуулийн 6.1-д “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.2-т заасны дагуу талууд арбитраар шийдвэрлүүлэхээр хэлэлцэн тохиролцсон маргаан арбитрын харьяалалд хамаарна” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл талууд өөрийн “шүүхэд гомдол гаргах эрх”-ээ тухайн тохиолдолд хэрэгжүүлэхгүй байхаар тохиролцон, маргаанаа арбитраар шийдвэрлүүлэхээр зөвшөөрч, энэ талаараа гэрээ хэлцэлдээ тусгасан тохиолдолд тэдгээрийн маргааныг арбитр шийдвэрлэдэг. Харин нэгэнт арбитраар маргаанаа шийдвэрлүүлсэн тохиолдолд талууд арбитрын шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй байдаг.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5