160 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Харин иргэн Д.Янжинхорлоогийн гаргасан өргөдөлд дурдсанчлан Үндсэн хуулиар олгосон хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн эсэх асуудал нь зөвхөн төр, иргэний хооронд үүсдэг онцлог харилцаанд тооцогддог байна. Энэ талаар Монгол Улсын гавъяат хуульч Б.Чимид “Хүний үндсэн эрх, эрх чөлөөний гол онцлог шинж нь жирийн хүмүүсийн хоорондын харилцаанд биш, төр нийгэмтэй харилцахад буюу нэг талд нь хүн, хүмүүсийн нэгдэл, нөгөө талд нь засаг төр гэсэн нарийн төвөгтэй харилцаанд хамаарч, илэрч хэрэгждэг, зөрчигддөг” хэмээн бичсэн байна. Түүнчлэн зээл болон барьцааны гэрээ, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбогдсон иргэний эрх зүйн харилцааны үед “зээлдэгч” ба “зээлдүүлэгч” хэмээх этгээдүүдийн “субъектив эрх” –ийн асуудал яригдах ба энэ нь Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөө буюу “объектив эрх”-ээс тусдаа, өөр ойлголт юм. Энэ ч утгаараа “Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай” хуультай холбогдсон асуудал нь гэрээний эрх зүйн асуудал гэж үзэж байна. 3. Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөө нь хүний эдэлж болох зан үйлийн боломж юм. Үүнийг үнэт зүйлсийн дэс дарааллыг тогтоосон каталоги гэж үзэх нь ч бий. Үндсэн хуулийн эрх зүйн онолын үүднээс хүний эрх, эрх чөлөөг 2 үндсэн хэсэгт хамааруулан ойлгож ирсэн. Үүнд: - төрсөн цагаас нь эхлэн хүн бүрт тэгш хамаарах, хагацаж үл болох эрх буюу жам ёсны эрх /natural right/; - жам ёсны эрхийг хангах үүднээс Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид хуульчлан бататгасан /төрөөс тогтоосон/ хүний бусад эрх буюу позитив /үүсмэл/ эрх /positive right/. Жам ёсны эрхийг ямарваа нэгэн хязгааргүйгээр эдэлдэг бол позитив буюу үүсмэл эрхийн хувьд хуулиар тогтоосон зохих хязгаартай байх бөгөөд бусад хүний эдлэх эрх, эрх чөлөөтэй харилцан холбоотой, түүгээр нөхцөлдсөн байдаг. Түүнчлэн хүн позитив эрхээ хэрэгжүүлэхээс тодорхой нөхцөлд өөрийн үзэмжээр татгалзаж болдог ба үүнийгээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрхийлдэг. Харин ийнхүү татгалзахад нь төрөөс аливаа хэлбэрээр нөлөөлөх ёсгүй байдаг юм байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5