159 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл давамгай байдалтайгаар иргэний эрх зүйн харилцаанд оролцож байвал шүүх тухайн хэлцэлтэй холбогдсон асуудлыг заавал хянаж үзэх ёстой, харин Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хууль нь энэ хяналтыг тавих боломжийг хаасан буюу хязгаарласан гэсэн үндэслэлээр Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзжээ. Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу шүүх нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага бөгөөд ”шүүх эрх мэдэлд нэгдүгээрт, эрүү, иргэний төдийгүй, эрх зүйн бусад бүх маргааныг эцэслэн хянан шийдвэрлэх; хоёрдугаарт, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагаанд хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор хөндлөнгийн хяналт тавьж хэрэгжүүлэх” чиг үүрэг хамаардаг. Харин шүүх гэрээний аль нэг тал нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсанаас бусад тохиолдолд иргэний эрх зүйн харилцаанд хөндлөнгөөс, өөрийн үзэмжээр оролцдог байгууллага биш бөгөөд иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд байгуулсан гэрээ хэлцлийг хуулийн дагуу байгуулсан, эсхүл эрх үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн талаар өөрийн үзэмжээр тухай бүр шалгадаг, хяналтын чиг үүрэг хэрэгжүүлдэг байгууллага огтхон ч биш юм. 2. “Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай” хууль нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр үүсэх бөгөөд гэрээний аль нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан журмын дагуу барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгийг шүүхийн оролцоогүйгээр худалдан борлуулахтай холбогдсон асуудлыг зохицуулсан процессийн шинжтэй хууль юм. Хэрэв талуудын хооронд аливаа хэлбэрээр гэрээ, хэлцэл байгуулаагүй, тухайн гэрээ хэлцлийг хуульд заасан журмын дагуу эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй, энэ талаар ямарваа нэгэн нотолгоо, баримт байхгүй бол ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах ажиллагаа үүсэхгүй. Дээр дурдсанчлан ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах харилцаа нь талуудын сайн дурын үндсэн дээр байгуулсан гэрээнд үндэслэн үүсэх бөгөөд энэ харилцаа үүсэхэд төр аливаа хэлбэрээр оролцохгүй. Өөрөөр хэлбэл, энэ харилцаа нь иргэний эрх зүйн субъектуудын хооронд үүсч буй гэрээний эрх зүйн харилцаа юм.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5