75 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тусгаар тогтнолтой холбоотой ноцтой асуудал юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ зарлиг нь: 1. Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд үл хамаарах асуудлаар дур мэдэн зарлиг гаргасан. 2. Монгол Улсын нэр хүндийг гадаад орны өмнө унагасан. 3. Монгол үндэстэн амьдарч байгаа дэлхийн бусад орны дотоод хэрэгт оролцсон. 4. Мөн Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 4-т заасан “гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, Улсын Их Хуралтай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах”, 10 дугаар зүйлд заасан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг Тэргүүлэх” гэсэн заалтууд болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн 2 дугаар бүлэгт заасан Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарахгүй гэж бид үзэж байна” гэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Б.Түмэн мэдүүлэхдээ: “Гомдол гаргагч талын тайлбарыг сонслоо. Гэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 2, 7 дугаар зүйлүүдийг уг зарлиг зөрчсөн тухай ямар ч тайлбар гарсангүй. Мэтгэлцээний явцад гарах байх гэж бодож байна. Ерөнхийлөгчийн 1993 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 52 дугаар зарлиг бол Монголчуудын хэлхээ холбоог хөгжүүлэх, эдийн засаг, үндэсний хэл, соёлоо өвлөхөд л чиглэсэн зарлиг юм” гэв. Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Засгийн газрын Тамгын газрын орлогч дарга Л.Лингов мэдүүлэхдээ: “Ерөнхий сайд Ерөнхийлөгчийн зарлигт гарын үсэг зурж байгаа нь Ерөнхийлөгчөөс өгсөн чиглэлийг биелүүлэх боломжтойг нотолж байгаа юм. Засгийн газар Улсын Их Хурлаас баталсан улсын төсвийг захирагчийн хувьд Дэлхийн Монголчуудын чуулганы зардлыг энэ оны төсөвт багтаан Засгийн газрын танхимын хурлаар жич шийдэх юм” гэв. Маргагч талууд мэтгэлцээний явцад өөр өөрсдийн тайлбарыг үндэслэлийн хамт танилцуулж, Цэцийн гишүүдийн асуултад дэлгэрэнгүй хариулт өгөхийн хамт бие биедээ асуулт тавьж хариулт авах замаар мэтгэлцэх зарчмын дагуу маргаж байгаа асуудлын хүрээнд хэлэлцүүлэг хийв.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5