43 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Улсын татварын ерөнхий газрын дарга Л.Пүрэвдорж, татварын хуулийг боловсруулахад оролцсон зарим хүмүүсийн тайлбарыг нотлох баримтын хэмжээнд сонсож танилцав. Энэхүү маргааныг шалгах явцад Монголын хувиараа аж ахуй эрхлэгчдийн холбооны дээд зөвлөлөөс ирүүлсэн мэдэгдэл, Эрдэнэт хотын Шинэ дэвшилт холбооны өргөн барих бичгийг оролцогчдод сонордуулж, хавтаст материалд авагдсан бусад нотлох баримтыг судлан үзэх замаар Цэцийн хуралдаан явагдав. ХЯНАВАЛ: Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлд татварын тогтолцоо албан татвар, хураамж, төлбөрөөс бүрдэнэ гэж заагаад тэдгээрийн тодорхойлолтыг өгчээ. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “Татварыг Улсын Их Хурал хуулиар бий болгож, өөрчилж, хүчингүй болгоно” гэж заасанд албан татвар, хураамж, төлбөр бүгд хамаарагдах ёстой болж байна. Татвар гэдэгт түүний элементүүд, тухайлбал татварын хувь хэмжээ хамрагдаж байж цогц ойлголт болно гэдгийг маргагч талууд санал нэгтэй нотолсон. Гэтэл 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Татварын хувь хэмжээг Улсын Их Хурал, түүний эрх олгосноор Засгийн газар болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хууль тогтоомжийн дагуу тус тус тогтооно” гэж заасан нь 1 дэх хэсгийнхээ заалттай шууд зөрчилдөж байна. Нөгөө талаар татварын төрөл тус бүрээр хууль гаргаж, түүний хувь хэмжээг тогтоож өгөөгүй, тогтоож болох хэмжээ, хязгаарыг заагаагүй байж “хууль тогтоомжийн дагуу” гэдэг нь ач холбогдолгүй заалт болжээ. Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлд нэрлэж заасан төлбөр, хураамжийн хувь хэмжээг аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоож болох боловч мөн л Улсын Их Хурлаас хуульчлан тогтоосон хүрээ, хязгаарын дотор хувь хэмжээ тогтоох нь мэдээж. Ийнхүү Улсын Их Хурал нь хууль тогтоох, хууль батлах онцгой эрх мэдлээ Засгийн газарт шилжүүлсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 20 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг зөрчжээ. Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалт нь 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтад үндэслэсэн, түүнчлэн хувь хэмжээг нь Улсын Их Хурлаас тогтоосон хэмжээ хязгаарын хүрээнд тогтоох ёстой учраас Үндсэн хуулийн дээрх заалтуудыг нэгэн адил зөрчсөн гэж үзэх бүрэн үндэстэй юм.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5