Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

108 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МУҮИС-ийн оюутан Д.Отгонбаатар, С.Сүхбаатар нарын 70 оюутан, иргэн Ж.Лхамсүрэн нар ирүүлсэн захидалдаа: “Буддын шашны зонхилох байр суурийг төрөөс хуулиар баталгаажуулсан нь ард түмний эв нэгдэл, түүхэн уламжлал, эрх ашигт нийцсэн, энэ хууль хувь хүний шүтэх, эс шүтэх эрхийг хязгаарлаагүй. Төр, сүм хийдийн хууль хэвээрээ үлдэнэ гэдэгт найдаж байна” гэжээ. Иргэн Ж.Батбаяр, Б.Цэрэндорж, С.Алтанзул, Д.Оюунгэрэл нараас Цэцэд хандаж гаргасан өргөдөл, хүсэлтдээ: “Энэ хууль Үндсэн хууль зөрчиж бидний оюун санааны эрх чөлөөг хязгаарлалаа. Энэ хуулийн заалт нэг нь нөгөөдөө харшилж байгаа бөгөөд олон заалтаараа Үндсэн хууль зөрчсөн байна” гэжээ. Цэцийн хуралдаан дээр Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ган-Өлзий, Ч.Зоригтбаатар нар хэлсэн үгэндээ: “Буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэнэ гэсэн нь Үндсэн хуулийн заалтын эх үндэстэй тунхаглалын шинжтэй заалт тул Үндсэн хууль зөрчөөгүй. Монголд хамгийн хэлмэгдсэн шашин бол буддын шашин юм. Бид тэр шашны өмнө гэм буруугаа наминчлах учир бий. Хүн амын олонхи шүтэж байгаа тул хүндэтгэнэ гэж хэлсэн юм. Гадаадаас шашныг зохион байгуулалттай нэвтрүүлэх нь Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Ер нь хүний эрхийг баталгаажуулсан олон улсын пактад шүтэж бишрэх эрх чөлөөтэй байх заалтуудыг ямар нөхцөлд хязгаарлаж болохыг заасан байдаг. Маргаж буй бусад заалтуудад хийсэн хязгаарлалтууд ч үүнтэй холбоотой юм. Бид энэ хуулийг Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзэж байна” гэжээ. Үндсэн хуулийн цэцийн хуралдаан дээр нэхэмжлэгч тал болон оролцсон Р.Гончигдорж, Д.Ламжав, Д.Дашдэндэв, Н.Алтанчимэг нар хэлсэн үгэндээ: “Төр, сүм хийдийн харилцааны хууль нь Монгол Улсын Үндсэн хуультай үзэл баримтлалын хувьд зөрчилдөж байгаа бөгөөд Үндсэн хуульд бүх шашин тэгш эрхтэй түүнд Монголын болон гадаадын иргэдийн шүтэх эрхийг нэгэн адилаар тунхагласан байхад ноцтой зөрчсөн байна. Энэ хуулиар буддын болон мусульман шашныг бусад шашны дээгүүр тавьж гадаадын иргэдийн шашны сургалт, сурталчилгааг хаасан, шүтэх эрх чөлөөг сүм, хийд нь Монголд байхгүй бүх шүтлэгтний тухайд хязгаарласан хууль болжээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5