107 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Мөн Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны иргэн Н.Алтанчимэг, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны иргэн Б.Цэрэндаш нар Цэцэд хандсан өргөдөлдөө: “Төрөөс Монголын ард түмний эв нэгдэл, соёл иргэншлийн түүхэн уламжлалаа эрхэмлэхийн үүднээс Монгол Улс дахь буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ” гэсэн нь Үндсэн хуулийн 1 дүгээр бүлгийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт, 2 дугаар бүлгийн 14 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг тус тус зөрчиж байна. Мөн Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Төрийн харъяалал бүхий сургууль байгууллагуудад шашны сургалт, цугларалт зохион байгуулахыг хориглоно” гэсэн заалт Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16 дахь заалтыг, мөн түүнчлэн тус хуулийн 13 дугаар зүйлийн 2, 3 дах хэсгийн захиргааны шийтгэл оногдуулах тухай заалт Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн шашны асуудал эрхлэх зөвлөлийн зохицуулагч Г.Лхагвасүрэн Үндсэн хуулийн цэцэд өгсөн тодорхойлолтдоо: “Энэ хуулийн төслийг хүний шүтэх, эс шүтэх эрхийг баталгаатай хангах, төр шашны байгууллагуудын хоорондын харилцааг зохицуулах үүднээс Үндсэн хуульд нийцүүлэн боловсруулсан гэж үздэг. Гаднаас шашныг зохион байгуулалттайгаар оруулж байгаа нь нууц биш. Үүнийг улсынхаа үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдлийг хамгаалах үүднээс түүнийг хориглох нь зүйтэй” гэжээ. Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Элбэгдорж Үндсэн хуулийн цэцэд өгсөн тодорхойлолтдоо: “Энэ хууль зөвхөн Төр, сүм хийдийнхээ харилцааг л зохицуулсан бол бидэнд маргалдах шаардлага гарахгүй байсан. Энэ харилцаанаас хэтрээд шашны олон асуудлыг хамарсан, хүн бүрийн салшгүй эрх болох шүтэх бишрэх эрхэд зохицуулалт, хязгаарлалт тогтоох гэж оролдсоноороо уг хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн заалтуудтай зөрчилдөж байна” гэжээ. Монголын бурхан шашинтны төв, Гандантэгчилэн хийд Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн албан бичигтээ: “Бурханы шашин туурга тусгаар Монгол Улсын түүхээс үзвэл хэд хэдэн удаа төрийн шашин байсан нь үнэн бөгөөд энэ шашинтай хамт урлаг, соёл, шинжлэх ухаан дэлгэрсэн, олон зуун жилд уламжлагдан шүтэгдэж ирсэн шашин учраас Төр нь зайлшгүй хүндэтгэх нь зүйтэй. Энэ үүднээс Төр, сүм хийдийн харилцааны хууль хүн ард, сүсэгтэн олны сэтгэл санаанд нийцэж байгаа юм” гэжээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5