Монгол улсын парламент - боть 1

86 М Чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга Н.Багабандийн хэлсэн үг 1993.02.18 Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ! Монголын ард түмэн нийгмийн хуучин байгууллыг халж шинээр цогцлон бүрдүүлэх шилжилтийн үе тохиож эдийн засгийн уналт, нийгмийн бухимдал давхардсан бичин жилийн хүнд ачааны ард гарч тахиа жилтэй золгох агшны босгон дээр Улсын Их хурлын ээлжит II чуулган ажлаа өндөрлөж байна. Улсын Их Хурлын энэ удаагийн чуулганаар та бид шинэ Үндсэн хуулиа хэрэгжүүлэх чиглэлд бодитой алхам хийж улс орны эдийн засаг, нийгмийн улс төрийн амьдралд гарч байгаа ардчилсан өөрчлөлттэй холбоо бүхий нарийн түвэгтэй олон асууддыг шийдвэрлэх ёстой байлаа. Энэ удаагийн чуулган нийт 107 өдөр хуралдсаны дотор нэгдсэн хуралдаанаараа та бид ажлын 72 өдөр, 514 цагийн туршид ухаан бодол, мэдлэг чадвараа уралдуулан тал бүрээс нь шүүн хэлэлцсэний дүнд Монгол Улсын нийгмийн амьдралыг зохицуулах 15 хуулийг шинээр батлан гаргаж 12 хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа. Мөн Улсын Их Хурлын 39 тогтоол батлагдан хэрэгжиж эхлээд байна. Хэлэлцсэн асуудал гарсан шийдвэрүүдийг гүйцэтгэх үүргийн нь талаас авч үзсэн ч цаг хугацаа, орон зайн хүчин зүйлийн талаас тунгаан цэгнэсэн ч Улсын Их Хурлын 2-р чуулган өмнө тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүллээ гэж дүгнэх бүрэн үндэстэй биз ээ. Хууль дээдлэх ёс, хуулийг сахиж хэрэгжүүлэх зорилтыг нийгмийн амьдралын хэм хэмжээ болгоход чиглэсэн эрх зүйн үндсийг шинэ Үндсэн хуулийн үзэл санаанд нийцүүлэн тогтоох асуудал энэ удаагийн чуулганы анхаарлын төвд байлаа. Улсын Их Хурал тус чуулганаараа Монгол Улсын шүүхийн тухай, Прокурорын байгууллагын тухай, Захиргааны хариуцлагын тухай, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиудыг баталлаа. Үүний дүнд Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу төрийн засаглалын шинэ тогтолцоог бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөө, ардчилал, шударга ёсны баталгааг хангах, нийгэмд газар авч олон түмний сэтгэлийг зовоож буй эмх замбараагүй байдал, сахилга, дэг журамгүй явдалтай хуулийн хүрээнд тууштай тэмцэх эрх зүйн үндэс тавигдаж арга зүй нь тодорхойлогдсон гэж үзэж байна. Манай өнөөгийн амьдралын зайлшгүй шаардлагаас урган гарч Улсын Их Хурлаас батлагдсан эдгээр шийдвэрийг иргэд, олон нийтийн зүгээс тааламжтайгаар хүлээн авч хэрэгжүүлж эхэлнэ байх гэж найдаж байна. Эдийн засгийн зах зээлийн зохицуулалтад шилжүүлэх, хууль эрхийн актуудыг бүрдүүлэхэд Улсын Их Хурлын хууль тогтоох бодлого нэлээд хэмжээгээр төвлөрч энэ удаагийнхаа чуулганаар татварын багц хуулиуд, төсвийн тухай хууль, нягтлан бодох бүртгэлийн хуулийг батлан гаргаж,

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw