МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 65 Өмч хувьчлалын болон аж ахуйн нэгжийн тухай хуулийг хэрэгжүүлж эхэлснээр ардын аж ахуйтан, хувийн өмчтөн, үйлдвэр худалдааны эзэд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид төрж, хүмүүсийн хувийн өмчин дээр тулгуурласан аж ахуйн сонирхол сэргэж эхэллээ. Эдийн засаг, мөнгө, санхүү, зээлийн тогтолцоо шинэчлэгдэж байна. Өнөөхөн эл үйл явцын алдаа мөхөсдөл нь яригдаж байна. Харин хэзээ нэгэн цагт нийгмийн бүхий л шинэчлэлийн эхлэл чухамхүү үүгээр тавигджээ гэдгийг нийгмээрээ ойлгох цаг ирнэ. Улсын Бага Хурлаас баталсан бусад хууль ч төгс төгөлдөр, боловсронгуй гэж би хэлэхгүй. Хууль тухайн нийгмийн харилцааг зохицуулах чадвар, амьдрах хугацааг биднээс илүү амьдрал өөрөө шүүх учиртай. Улсын Бага Хурлын баталсан хуулиудын зарим заалтыг эргэж харах шаардлага амьдралаас гарч буйг бид мэдэрч байна. Энэ бүхэн Улсын Бага Хурлын хамтын ухаан бодол шингэсэн тэр хөдөлмөрийг үгүйсгэх үндэс болохгүй нь хүн бүхэнд илэрхий юм. Төрийн хууль тогтоох үйл ажиллагаанд өөрийн гэсэн баримтлал, үзэл баримтлал, зарчим, журам бүхий төр судлалын бие даасан томоохон асуудал байдаг. Энэ нь товчхон хэлэхэд алив хууль, шийдвэрийн эх ноорог бэлтгэхээс эхлээд эцэслэж баталж, түмэн олондоо хүргэх хүртэл цогцолбор үйл ажиллагаа юм. Парламент аливаа асууддыг хэлэлцэж шийдвэрлэхдээ онолын гүнзгий үндэслэлтэй, практик амьдралыг маш нарийн харгалзсан хөдөлшгүй баримтаар нотлогдсон тооцоо судалгааны үндсэн дээр төсөл боловсруулах хатуу шаардлагыг хууль санаачлагчдад тавих учиртай. Бид тэгж ажиллах гэж оролдсон. Гэвч бүх зүйл бидний санаж бодсоноор бүтэж байсан гэж би хэлж чадахгүй юм. Улсын Бага Хурал 2 жилийн хугацаанд хууль боловсруулах, хэлэлцэж батлах, баталж хэрэгжүүлэх цэгцтэй механизм, оновчтой хувилбар олж боловсруулсан гэвэл хэтрүүлэг болно. Харин эрэл хайгуул, онолын нээлтийн эхлэл төгсгөлийн замд үйл ажиллагаагаа өндөрлөж байна. Чуулганд олон асуудал хэлэлцүүлэхээр төлөвлөж хэлэлцүүлэг хэт шахагдах, зарим хуулийг яаран батлахад хүрч байлаа. Эдгээр дутагдлыг мэдэж байсан хэрнээ үнэндээ цаг үе, үйл явцын шахалтыг сөрж чадсангүй дээ. Бага Хурлаар хэлэлцэж баталсан 64 хуулийн 2-ыг нь Ерөнхийлөгчийн Тамгын газар, 40-ийг нь Засгийн газар, 17-г Улсын Бага Хурлын байнгын хороод, 5-ыг Улсын Бага Хурлын гишүүд санаачилж оруулсан билээ. Эдгээр хууль санаачилсан этгээд тэртээ тэргүй Бага Хурлаар яригдана хэмээн найдаад төслөө боловсруулахдаа хөнгөн хуудуу хандах, Байнгын хороод ч орж ирсэн төсөлд бага зэрэг засвар, дүгнэлт хийгээд Бага Хуралд дамжуулах явдал цөөнгүй байлаа. Үүнээс болж хуулийг Бага Хурлаар үг үсэгчлэн найруулан засах гэж цаг их алдаж байлаа. Бага Хурлын гишүүд эл байдалд нилээн дассан байж мэднэ. Бидэнд тохиолдсон цаг хугацаа ахархан, түүн дээр бас ажлын ийм дутагдал байснаас Бага Хурлын гишүүн бүр өөрийн туршлага, мэдлэг авъяасаа тэр бүр дайчилж чадаагүй байж мэднэ. Бага Хурал хуулийн төслийг боловсруулахад болон хэлэлцэж батлахад ихэнх цагаа зарцуулахад хүрч байсан учраас Бага Хурал гаргасан шийдвэрийнхээ
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw