64 МОНГОЛУЛСЫН ПАРЛАМЕНТ-I асуулт тавьж, нэг гишүүн дунджаар 98 асуулт тавьж, хариулт авчээ. Мөн 12009 удаа 26164 минут буюу 436 цаг үг хэлж, санал шүүмжлэл гаргасан байх юм. Өөрөөр хэлбэл, гишүүн нэг бүр дунджаар 240 удаа, 532 минут үг хэлсэн байна. Энэ тоон үзүүлэлт Улсын Бага Хурлын гишүүдээс чуулганы үйл ажиллагаанд хэрхэн оролцсоныг харуулах нэгэн баримт гэж болно. 1990 оны 10 дугаар сард Ардын Их Хурлын чуулганы өндөрлөсний маргааш өдрөөс эхлэн бид урьдаас бодож боловсруулсан бодлого, нарийвчилсан зүйлчилсэн төлөвлөгөөгүйгээр (тийм ч цаг бололцоо байгаагүй юм) монголын нийгмийн тулгамдсан олон асуудалтай учирсан билээ. Тэдгээрийг шийдэх онолын чиг шугам, практик алхам, яаж ажиллах механизмыг толилуулан тодорхойлсон ямар ном хэвлэл, хэн гэдэг мэргэчүүл байсан билээ дээ. Чухам л гишүүд маань ёстой залуучуудын ярьдгаар “бор зүрхээрээ зүтгэж” амьдралдаа алдаж онож, ухаарч давшиж, сурч бүтээж байж төлөвшсөн юм. Хамгийн гол нь ард түмнийхээ итгэл найдварыг хүлээж тэдний сэтгэлийн илчээр амьдарч, монгол эх орондоо хүн төрөлхтний ёс зүйг баримталсан шинэ маягийн парламентын үндсийг тавьж, үйл ажиллагааны дэг журмыг тогтоож чадсанаараа Улсын Бага Хурлын гишүүд бахархах баярлах иргэний хийгээд ёс суртахууны бүрэн эрхтэй гэж хэлэх байна. Монгол төрийн шинэ тогтолцоог бэхжүүлж, төрийн үйл ажиллагааны шинэ зарчим, арга хэлбэр, зохион байгуулалтыг шинэчлэх, үзэл баримтлалыг төлөвшүүлэх, нийгмийн амьдралын бүх тогтолцоог ардчилах, эдийн засгаа зах зээлийн харилцаанд шилжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлж баталгаажуулах явдал Улсын Бага Хурлын эн тэргүүний зорилт байсан юм. Энэ зорилгоор Улсын Бага Хурал нийгмийн амьдралын янз бүрийн салбарыг зохицуулсан хуулиудыг баталж, хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж, хуулийг хүчингүй болгож байсан юм. Улсын Бага Хурал санаачлан боловсруулж Ардын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлж батлуулсан Монгол Улсын Үндсэн хууль онцгой байр суурь эзэлнэ. Хуучин болон шинэ үзэл баримтлалын зөрчлийн түмэн зангилааны төвлөрсөн илрэл байсан Ардын Их Хурлаар ардчилсан шинэ Үндсэн хуулийг хэлэлцүүлэх, батлуулах нь үнэнхүү хэцүү байсан бөгөөд Монгол Улсын Бага Хурлын гишүүд, бусад депутатуудын нөр их ажлын үр дүнд энэ зорилтыг хэрэгжүүлж чадсан юм. Ард түмний маань бахархал болсон шинэ Үндсэн хуулийг баталснаар дэлхийн улс орнууд монголд ардчилсан өөрчлөлт эргэлт буцалтгүй боллоо гэдгийг сая ойлгож итгэсэн. Монгол Улсын Үндсэн хуульд нийгмийн олны сэтгэлгээ, ардчилалын хөгжлийн маргашгүй ололт бөгөөд улс төрийн ямар нам, хүчин засгийн эрхэнд гарлаа ч гэсэн энэ ололтыг нандигнан хамгаалж, түүний үг өгүүлбэр бүхэнд гүн хүндэтгэлтэй хандаж хэрэгжүүлэн биелүүлэх үүрэгтэй болохыг энэ хамтын бүтээлд гар бие оролцсон нэгний хувьд Бага Хурлын гишүүдийн өмнөөс нийтэд сэрэмжлүүлэхийг хүсч байна. Зарим нь олон нийтийн шүүмжлэлд өртөж буй боловч Улсын Бага Хурлаас баталсан эдийн засгийн чиглэлийн хуулиуд манай нийгмийн суурь харилцаануудыг өөрчлөн шинэчлэхэд бүхэлдээ чухал үүрэг гүйцэтгэж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw