Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 61 Ийм нөхцөлд та бүхэн эртний түүхт хөх Монголын хувь заяаг шийдвэрлэлцэхээр хүлээж авлаа. Та бүхэн эл үүргээ нэр төртэй биелүүлж, өлгий сайхан Монгол орноо хөгжил цэцэглэлийн замд нь гаргах хэрэгт хүндтэй гавьяа байгуулна гэдэгт гүнээ итгэж байгаагаа илэрхийлье! Улсын Их Хурлын гишүүд төрийнхөө сүлдэнд андгай тангаргаа ёс төртэйгээр өргөсөн энэ мөчид би Төрийн тэргүүний хувьд Та бүхнийг итгэн найдаж сонгосон ард түмний чинь захиа даалгаварыг дуртган сануулахыг хүсэж байна. Шинэ тутам эмхрэн бүрдэж буй төрийн маань тогтолцооноос сонгогч олон түмэн юуг хүсэн хүлээж байна вэ? Хамгийн ерөнхийгээр хэлбэл, өлсөх даарахын зовлонгүй, айх ичихийн аюулгүй аж төрөхийг л хүсэж байгаа гэж хэлж болно. Бүр тодруулаад хэлбэл, юуны өмнө хүнсний хангамж, өргөн хэрэглээний барааны наад захын хангалт, нийгмийн дэг журам, сахилга бат, зохион байгуулалтыг хүсэж байгаа гэж хэлж болно. Хамгийн товчоор хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэний эрх, эрх чөлөөгөө баталгаатайгаар эдлэхийг хүсэж байгаа гэж хэлж болно. Ард түмнийхээ энэхүү зүй ёсны, шударга хүсэлтийг ханган хэрэгжүүлэхийн тулд эн тэргүүнээ бидэнд нэгдүгээрт, нийгмийн амьдрал, амьсгалыг соргогоор мэдрэн, гярхай тусгаж, хөгжлийн чиг хандлагаа тодорхой баримжаалсан бөгөөд төрд ч, иргэнд ч бүгдэд нь адил тэгш шударгаар үйлчилдэг хуулийн иж бүрэн тогтолцоо, түүнийг амьдралд хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх баталгаа болсон шүүх засаглал, хоёрдугаарт, хэрэгтэй цаг үед нь хэрэгтэй шийдвэрийг гаргаж чаддаг, түүнийгээ түргэн шуурхай, уян хатан, үр нөлөөтэйгөөр зохион байгуулан хэрэгжүүлж чаддаг хүчирхэг гүйцэтгэх засаглал хэрэгтэй. Ингэхдээ Монгол Улсынхаа Үндсэн хуулийн үзэл санаа, чиг шугамыг хатуу баримтлах учиртай. Зөвхөн ийм замаар л бид ард түмэндээ маргаашдаа итгэх итгэл, өөдрөг хангалуун амьдралыг бүрдүүлж болно гэдэгт би хатуу итгэж байна. Эл бүхий зорилтыг хэрэгжүүлэхэд эн тэргүүнээ Монгол төрийн шинэ түшээ Та бүхэн шийдвэрлэх үүрэгтэйгээр оролцож, онцгой хариуцлага хүлээх болно. “Хэмжээгүй өршөөлөөр өнчин бэлбэснийг тэтгэж, Хэмжээт хатуу засгаар ховч бялдуучийг засаглаж, Хэтэрхий их улс төрийг хэв хуулиар засаж, Хэв хэзээд арилшгүй төр ёсыг тогтоому” гэж “Эзэн богд Чингисийн магтан сургасан шасдирт” тэмдэглэсэн байдаг билээ. Мөн Чингис богдоос чийрэг эзэн, чадвартай сайд улсыг байгуулахын эрдэнэ, чанга цааз, цэнгэлт тан иргэнийг захирахын сүр, эрдэмт сайн түшмэл төрийн эрдэнэ гэж төрд зүтгэгч түшмэдийн эрдэм ухааныг өндөрт өргөж байжээ. "Түшмэл хүмүүний есөн эрдмийн дотор Төвшин сэтгэл нэн эрхэм... Түшмэл хүмүүн есөн эрдмийг төгсөвч Төвшин сайн сэтгэл үгүй болбоос

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw