Монгол улсын парламент - боть 1

57 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Улсын Их Хурлын сонгууль явуулсан дүнгийн тухай УИХ-ын дэргэдэх Сонгуулийн ерөнхий хорооны дарга С.Лхагвасүрэнгийн хийсэн мэдээлэл 1992.07.20 Хүндэт Ерөнхийлөгч өө! Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ! Зочид, төлөөлөгчид, ноёд, хатагтай нар аа! Монгол Улсын Их Хурлын сонгууль 1992 оны 6 дугаар сарын 28-нд хуулийн дагуу амжилттай явагдлаа. Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын сонгуулийн нэгдсэн дүнг гаргаж 1992 оны 7 дугаар сарын 2-нд Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган, улмаар нийтэд мэдээллээ. Энэхүү сонгуулийн дүнг үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо шинээр сонгогдсон Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцүүлэхээр Улсын Их Хурлын анхдугаар чуулганд оролцуулж байна. Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд сонгох эрхийнхээ дагуу энэ удаагийн сонгуульд нийтээрээ чөлөөтэй оролцож, саналаа шууд, нууцаар гаргаж хүн төрөлхтний хөгжлийн жамаар Монгол орны цаашдын ирээдүйг тодорхойлох төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага болох нэг танхим бүхий байнгын ажиллагаатай парламентыг бүрдүүлэх Улсын Их Хурлын гишүүдийг сонгоод байна. Энэхүү сонгууль нь шинэ Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, ардчиллын үндсэн зарчмыг тууштай хэрэгжүүлэх, улс орон зах зээлийн харилцаанд шилжих эдийн засаг, эрх зүйн үндсийг бүрдүүлэх амаргүй зорилтыг биелүүлэхийн төлөө бүх нийтээрээ чармайн ажиллаж байгаа үед болсноороо онцлог байлаа. Төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага - Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх үйл ажиллагаанд улс төрийн 8 нам, МоАН-МҮДН- НН-ын болон МШАН-МАН-ын 2 эвсэл, бие даан нэр дэвшигчид оролцсон нам, бие даан нэр дэвшигч бүр өөр өөрсдийн мөрийн хөтөлбөрийг боловсруулж, түүнийг нэр дэвшигч, тэдний шадар туслагч нар сонгогч олондоо тайлбарлан таниулж, өргөн сурталчилсан нь Улсын Их Хурлын сонгуулийг олон намын оролцоотой, ажил хэрэгч, өрсөлдөөнтэй байдалд явуулах боломжийг бий болголоо. Улсын Их Хурлын сонгууль нь эх орондоо эрх зүйт төр, иргэний ардчилсан нийгмийг байгуулах, ардчилал, өөрчлөлт шинэчлэлийг эргэлт буцалтгүй эрхэм зорилго болгохыг хуульчлан тунхагласан Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэхээ монголын ард түмэн, улс төрийн нам, эвсэл, иргэн бүр илтгэн харуулсан улс төрийн томоохон үйл явдал боллоо. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн ажлыг орон даяар хуулийн хүрээнд зохион байгуулах үүрэгтэйгээр Улсын Бага Хурлын 1992 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Сонгуулийн ерөнхий хороог

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw