МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 535 Төрийн албан хаагчдыг мэргэжлийн чадвар, туршлагаар нь бус намын харъяаллаар ялгаварлан, олон мянган чадварлаг ажилтныг хоморголон халснаар төрийн аппаратын чадавхи доройтож, нэр хүнд нь унажээ. Татварын тогтворгүй орчин бий болсноор эдийн засаг, бизнес эрхлэгч иргэдэд хүндрэл учруулж, үйлдвэрлэл эрхлэх таатай орчин бий болсонгүй, татвараас зайлсхийх үзэгдэл газар авсан байна. Богино хугацааны улс төрийн ашиг хонжоо харж импортын гаалийн татварыг тэглэж, үндэсний үйлдвэрлэлийг хүнд уналтанд оруулж, улсын төсөв, гадаад худалдааны тэнцлийг ихээхэн алдагдалд оруулсан байна. Өмч хувьчлалыг ихэнхдээ бэлэн мөнгөөр дуудлага худалдаагаар явуулснаас эдийн засаг үр ашиггүй, хуйвалдааны шинжтэй гэж хэлж болохоор хууль бус аргаар өмч хувьчлан авах гажуудал бий болжээ. Банкны бүтцийн өөрчлөлтийг хуулийн дагуу үр ашигтай явуулахын оронд арилжааны банкуудыг хүчээр татан буулгаж, төрийн өмчийн банкийг байгуулж, түүнийгээ зохион байгуулалттай дампууруулах үйл ажиллагаа явуулжээ. Улс төр, бизнесийн бүлэглэлүүд, бүхэл бүтэн сүлжээнүүд буй болж, улмаар авилгал, хээл хахууль газар авч, түүнд төрийн өндөр албан тушаалтнууд хүртэл холбогдох болсон байна. Шударга бусаар амьдрах явдал газар авч ард түмэн төрдөө итгэх итгэл алдарчээ. Төсвийн хөрөнгөөр бизнес хийх, идэж ашиглах явдал бараг бүх нийтийг хамарсан үзэгдэл болсон байна. Үүнийг хуулиар яаралтай зохицуулах шаардлагатай гэж бид үзэж байна. Олон Улсын Валютын сан Монголд хэрэгжүүлэх бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрөө 1996 оны 10 дугаар сараас эхлэн хоёр удаа зогсоосон ганц баримт л Ардчилсан Холбоо эвслийн засгийн газруудын нэр хүнд гадаадад хэр зэрэг доош унасны илрэл юм. Эдийн засаг, нийгэмд нааштай ахиц гараагүй байхад Ардчилсан Холбоо эвслээс сонгогчидтой байгуулсан гэрээ биелсэн гэж хэлэх ямар ч үндэс байхгүй гэж ойлгогдож байна. Ардчилсан Холбоо эвслийн гэрээний үндсэн зорилт болох эхний 2 жилд /1996-1998/ төрийн захиргааны болон эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийж, эдийн засгийн өөрийгөө тэтгэх чадамжийг нэмэгдүүлнэ, дараагийн 2 жилд /1998-2000/ нийгэм, экологийн болон экспортын баримжаатай эдийн засгийн оновчтой бүтцийг буй болгож, эрчим хүч, түлш, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээр өөрийгөө ханган, экспортын үйлдвэрлэл үйлчилгээ эрчимтэй хөгжсөн харьцангуй бие даасан бүтэц бүхий эдийн засагтай орон болж, бүс нутгийн хөгжилд өөрийн гэсэн байр суурь эзэлнэ гэсэн зорилт хоосон амлалт болсныг Монгол Улсын өнөөгийн эдийн засаг, нийгмийн бодитой байдал тодорхой харуулж байна. Бидний тооцоогоор Ардчилсан Холбоо эвслийн гэрээнд 184 зорилт тусгагдсаны 64 нь биелсэн буюу хагас биелж, 120 зорилт тасарсан гэсэн дүн гарч байна. Өөрөөр хэлбэл, эвслийн гэрээ 70 орчим хувиар тасарчээ. Гэхдээ эвслийн гэрээний дүнг удахгүй Монголын сонгогчид өөрсдөө дүгнэж дүнгээ тавих биз ээ.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw