526 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I өнөөдөр нэг улсын хараат байдлаас гарч чадсан бөгөөд хөрш хоёр гүрэнтэйгээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хэвийн явуулж байна. Мөн өндөр хөгжилтэй бусад орны бодит сонирхлыг Монголд бий болгон зохистой түвшинд хүргэх чиглэлээр ажиллаж ирлээ. 1998 онд НҮБ-ын чуулганаар “Монгол улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоол батлагдсан бөгөөд манай улс олон улсын болон бүс нутгийн байгууллагуудын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна. Өнгөрсөн хугацаанд Ардчилсан Холбоо эвслээс хийж чадсан ажил багагүй байгаа боловч шийдвэрлэж чадаагүй асуудал байсаар байна. Эвсэл сонгогчидтой байгуулах гэрээгээ биелүүлэхийн төлөө боломжоороо ажилласан боловч өнгөрсөн 4 жилийн улс орны ажил амьдрал уг гэрээний зорилтуудаас хавьгүй өргөн хавьгүй баялаг байлаа. Бэрхшээл зовлон ч багагүй байгаа. Өнгөрсөн хугацаа бол Эвслийн хувьд хал үзэж хат суусан дөрвөн жил боллоо. Бид ямар ажлыг амжуулж чадсангүй вэ! Банк санхүүгийн салбар дахь шинэтгэл бүрэн хэрэгжиж чадсангүй. Банкны салбарыг эрүүлжүүлэх үйл ажиллагаа бол Монгол Улсын эрх ашигт, хөгжлийн эрх ашигт бүрнээ нийцэж байсан юм. Эвсэл Засгийн эрхэнд гарсныхаа маргаашаас мөнгөний урсгалыг түгжсэн, эдийн засгийн өсөлтийг боомилсон, чадавхигүй төрийн менежментэд дулдуйдсан энэ салбарт их цэвэрлэгээ хийж эхэлсэн гэж хэлж болох боловч явцуу эрх ашигт хөтлөгдсөн хоосон улс төржилтөөс шалтгаалан уг үйл явц тасалдсан юм. 1996 оноос хойш нийтдээ 10 банк татан буугдсан боловч зөвхөн ганц банкыг тойрсон хийрхэл бүхэл бүтэн банк санхүүгийн салбарын реформыг зогсоож чадсан юм. Манай сөрөг хүчин ядуурал их байгаа, хүмүүсийн цалин, тэтгэвэр хугацаандаа очиж чадахгүй байгаа тухай шүүмжилдэг атлаа дээрх асуудлыг шийдвэрлэх гол хүчин зүйлийн нэг болсон банкны өөрчлөлтийг жадлан эсэргүүцэж ирснээ санахад илүүдэхгүй байх. Том аж ахуйн нэгжийн хувьчлал тойрсон яриа сүүлийн хоёр жилд хүмүүсийг залхтал үргэлжилж байгаа боловч бодит үр дүн одоо болтол алга л байна. Эхлээд Улсын Их Хурлаас зөвшөөрөл авч хувьчилдаг журамд шилжье, дараа нь хувчилъя гэж ярьдаг байсан цөөнх маань ийм журамтай болонгуут “айдаггүйгээ авдрандаа хийлээ” гэсэн шиг бүр ч хөддөхөө байсан. Хүмүүсийн орлого бага байна, хэцүү байна гэж МАХН-ынхан нулимс унагах атлаа уг асуудлыг шийдвэрлэж болох хөрөнгийн бодит эх үүсвэрийг түгжсээр өнөөг хүрлээ. Хувьчлал бол зөвхөн хөрөнгийн эх үүсвэр төдийгүй шинэ менежмент, шинэ хөрөнгө оруулалт, шинэ ажлын байр, эдийн засгийн ашиглагдаагүй байгаа нөөц боломж юм шүү дээ. Эрчим хүчний бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангагдаж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс хүртэл зөвлөмж гараад жил болж байхад энэ асуудал Их Хуралд түгжигдсэн хэвээр байна. Зөвхөн Цахилгааны хууль хэлэлцэх гэж цөөнхийг харсаар бүтэн намрын чуулган өнгөрлеө. Уг нь төвөөсөө эхлээд Улсынхаа нийт нутаг дэвсгэрт Монгол орон эрчим хүчний зөв бүтэц, найдвартай, байнгын эх үүсвэртэй болж чадвал шилжилтийн гэгдэх тодорхойгүй байдлаас манай эдийн засгийн салбар улмаар нийгмийн салбар ч хурдан ангижрах боломж бүрдэх юм.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw