Монгол улсын парламент - боть 1

490 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 цаг болсон гэж парламентад төлөөлөлтэй Монголын Шударга Ёсны Нам үзэж байна. Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиудад тусгагдсан монголын ард түмний эрх болох хүн бүрийн хуулийн өмнө адил тэгш байх тогтолцоо алдагдаж Монголд огт хууль үйлчилдэггүй 32 мянган хүн бий боллоо. Хууль үйлчилдэггүй 32 мянган хүний аз жаргалын төлөө Монголын нийт ард түмэн хоосон нүцгэн гүйж илжиг мэт ажиллах тийм улс төрийг гэмт этгээдүүд бидэнд тулгаж байна. Гэвч хуулийн цаана хууль, үнэний цаана үнэн байдаг. Монголын хууль үйлчилдэггүй юм бол олон улсын хууль үйлчилдэг тийм улс төрийг Монголын ард түмэн байгуулах цаг болжээ. Аливаа ард түмэн өөрийн эх орны хөгжил, нийгмийн үйлчилгээ боловсрол дэвшлийн замыг өөрсдөө сонгох эрхтэй. Заавал гадаад улсад ийм байдаг учраас Монголд эмнэлгийн үйлчилгээ үнэ төлбөртэй байх ёстой гэсэн харалган бодлыг хүчээр хэрэгжүүлэх учиргүй. Тун удахгүй олон улсын эрүүгийн шүүх байгуулагдаж ажиллах үед Монголын ард түмний өмч хөрөнгийг хамаатан ах дүүсээрээ хуваан завшсан томоохон дарга нар тэдний үр хүүхдүүдийн асуудлыг дэлгэн тавихын төлөө МУШЁН, түүний Их Хурал дахь төлөөлөгч Дашбалбар миний бие ажиллах болно. Хууль үйлчилдэггүй этгээдүүдэд хууль үйлчилдэг тийм төр засгийг байгуулахгүйгээр Монголын ард түмэн хөгжил дэвшилд хүрэх тухай бодох хэрэггүй гэдэг нь сүүлийн 9 жилийн турш явагдсан улс төрийн бодлогоос баримтаар харагдаж байна. Нөхөд өө! Эдийн засгийн хямрал, мөнгөний ханшны уналт улс орныг туйлдуулж ард иргэдийн амьдрал өдөр ирэх бүр доройтсоор байгаа энэ үед Монголын улс төрд гадны нөлөө улам хүчтэй болж байгааг сүүлийн үеийн баримтууд харуулж байна. Гадаадаас их хэмжээний мөнгө авч Улс төрийн нам байгуулах явдлын цаашдын үр дагаврыг тооцож үзэхгүй бол Монгол улс удахгүй Африкаас аль ч талаараа ялгарахгүй сөнөмөл улс болж болзошгүй юм. Ганц жишээ хэлье. Монголын гол гол үйлдвэр уурхай бусдын гарт аажуухан шилжиж байна. Худлаа гэвэл Шар хадны гэгдэх захыг Улсын Их Хурлын гишүүд, дарга, Ерөнхий сайд өөрийн биеэр очиж үзэгтүн! Агуулах бүр нь харийн мэдэлд, тэндхийн бүх асуудлыг харийнхан зохицуулж, сүвээгээ тулан эзэн нь юм шиг зогсож байхад, монголчууд хурууных нь дохиогоор боол нь юм шиг жирэлзэн гүйлдэж байна. Уг нь монгол хүн эх орондоо сүвээгээ тулан зогсож, харин харийнхан манай нутаг дээр монгол хүн хаашаа заасан зүгт нохой мэт гүйлдэж байх ёстойсон. Бид алгуурхан сэм сэмхэн бусдын хоол болсоор байгаад сэтгэл гүнээ түгшиж байна. Монгол улс дахь ардчилал луйварчдын боолчлолд орсныг өнөөдөр хүн бүр хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Луйварчдын ноёрхолд нэрвэгдсэн манай улсад наад зах нь гэхэд бензиний үнийг 7 хоногт хэд хэдэн удаа нэмж өөрчилж хонжоо олдог бүлэг хүн ч бий боллоо. Хэсэг бүлэг хүмүүс улс орны нэг салбар өөрсдийн ашиг сонирхолд нийцсэн эрх ямба, хууль тогтоомжтой болж дураараа авирлаж эхэлж буйн анхны жишээ бол дээрхи үйл явдал мөн.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw