438 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Түүний зэрэгцээ Монголбанкны үйл ажиллагаанд тавих хяналтаа эрс сайжруулах хэрэгтэй байна. Банкны алдагдлыг татвар төлөгчдөд үүрүүлдэг зохисгүй, шударга биш явдлыг зогсоож алдагдалтай ажилласан банкны гишүүд, удирдлага хариуцлагаа өөрсдөө хүлээдэг байх. Банкны дампуурлаас урьдчилан сэргийлэх, арилжааны банкны чадвар доройтсон нөхцөлд хуульд заасан арга хэмжээнүүдийг цаг алдалгүй шат дараатай авч байх хэрэгтэй. Банк, эрчим хүчний салбарыг шинэчлэх, үндэсний үйлдвэрлэлийг сэргээхэд дотоодын хөрөнгө, хүч хүрэлцэхгүй нь тодорхой юм. Үндэсний аюулгүй байдлын хэм хэмжээнд гадаадын санхүүгийн эх үүсвэр, хөрөнгө оруулалтыг дээрх салбаруудад татах чиглэлээр идэвхтэй ажиллах шаардлагатай. Үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор олон улсын хөрөнгө оруулалт бүхий банк байгуулах асуудлыг судлаж шийдвэрлэх, банкуудаас экспортыг дэмжих зээл, тэргүүлэх үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын зээлийг олгох явдлыг нэмэгдүүлж урамшуулах нь чухал юм. Экспортыг нэмэгдүүлж, зах зээлийг өргөтгөхийн тулд хөрш болон бусад оронтой гааль, худалдааны тааламжтай нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа хэлэлцээр хийх ажлыг эрчимжүүлмээр байна. 4. Иргэд аюулгүй орчинд аж төрөх, шударга ёсыг бэхжүүлэх нөхцлийг хангах: Төр иргэдийн аюулгүй орчинд амьдрах бодлогыг хангах ёстой. Айлгах сүрдүүлэх, аашилж дарамтлах, заналхийлэх, эрх чөлөөнд халдах, гүтгэн гүжирдэх зэрэг хүчирхийллийн илрэлүүд ердийн үзэгдэл боллоо гэж олон түмэн бухимдаж байна. Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрх, төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн амь нас, эрх чөлөөнд халдах болов. Нийгэмд дэг ёс, сахилга журам сайжруулах ажлын явц удаашралтай байна. Харин ч эрүүгийн нөхцөл улам хүндэрч, хулгай дээрэм, залилан, хүн амины хэрэг нэмэгдэж байна. Хүн амины үнэ цэнэ буурах болсон нь онц ноцтой үзэгдэл мөн. Ийм гутмаар, халагламаар байдлыг нэн даруй өөрчлөн энэ гэм согогоос салахын тулд төр, засгийн холбогдох байгууллагууд тодорхой ажил хийж, үр дүн гаргах хэрэгтэй болсон байна. Эрүүгийн нөхцөл байдал хүндрэхэд хавтгай архидалт их нөлөө үзүүлж байна. Архидан согтуурахтай бид хамтран тэмцэж нэгдсэн үйл ажиллагаа явуулж чадсан цагт л хүсэн хүлээсэн үр дүнд хүрэх болно. Хууль, шүүхийн өмнө иргэн бүр ижил тэгш байх зарчмыг чандлан хэрэгжүүлэхэд шүүх засаглалын байгууллагууд онцгой анхаарвал зохино. Олны сэтгэлийг сэртхийлгэсэн дуулиант хэргүүдийг илрүүлэх, ард олныхоо амгалан тайван амьдрах нөхцлийг хангах, хөрөнгө мөнгө идэж ашиглагчид, авилгачидтай хатуу ширүүн тэмцэл хийж, хуульд захирагдан ажиллахад шүүх, хууль хяналтын байгууллага бусад төрийн байгууллагуудтай хамтран энд ажиллаж байгаа бүх ажилтнууд, бүхий л мэддэг, даддага, үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллах хэрэгтэй.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw