364 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Монголыг эрхшээлдээ оруулахын төлөө өөр хоорондоо өрсөлдөх, мөн зөвшилдөх арга хэрэгслийг эрээ цээргүй хэргэлдэг боллоо. Энэ нь Монголыг ивээн тэтгэх гэдэг хөтөлбөр, хөрөнгө оруулалт, зээлийн тусламж гэрээ хэлцэл, тэдгээрийн хэрэгжилтийн явцад гарч байгаа заль мэхээр илэрч байгааг ухаант ард түмэн маань харж харамссаар байна. Манай төр, монголчууд бид гадаадынхантай харилцахдаа түр зуурын эрх ашгийн төлөө тэдэнд хэт таатай нөхцөл өгч, стратегийн шинж чанартай болон эдийн засгийн түшиц салбарууд, газар нутаг, дэлхийд ховор баялаг, үнэт зүйлсээ хайр найргүй ашиглуулж, эзэмшүүлж улмаар өмчлүүлэхэд бэлэн боллоо. Монголынхоо тал нутагт монгол хүн мал сүргээ адуулж хариуцахаас эхлээд Монгол эх хүүхдээ хөхүүлэх, монгол хүн ямар шашин шүтэх, монголынхоо төрийг яаж залахаа хүртэл бүхий л ажил үйлсээ бид харийнхаар заалгаж эхэллээ. Үндэсний мэргэжилтэн, сэхээтнийхээ асар хүчтэй армийг үл тоон гадаадынхныг хэт шүтэж, харийн хүн харахаараа нүд нь сэргэж, эх орон нэгтнээ харахаараа сэтгэл нь хорсдог ноёдууд бий болж эхэллээ. Монголын сэхээтэн, монголын мэргэжилтнүүдийн эрх зүй, НИЙГМИЙН баталгаа хэрэг дээрээ алдагдаж, эх орондоо алслагдсанаас Монголын Улс төр, эдийн засгийн гол гол асуудлууд, амин чухал цэгүүд харийнхны хараа хяналтанд орж ирсэнд эмзэглэж байна. Далайн чанадын урт гарууд түүнийгээ Монгол хүний нэрээр, монгол хүний гараар, өөрийнхөө хөрөнгө хахуулиар хийж буй нь нууц биш боллоо. Одоо манай шашны фанатик урсгалууд манайд чөлөөтэй нэвтэрч, тэдний миссионерүүд монголын төрийн хүрч, дусалж чадаагүй газар хүртэл очиж нийгмийн эмзэг бүлэг, эгзэгтэй цэгт хүрч, өөртөө татаж, Монголын ард түмний оюун санааны дархан хил дээр байнга зөрчил гарч эхэллээ. Үзэл санаа нь төлөвшиж амьжаагүй хүүхэд, залуучуудыг харийн шашных нь элдэв аргаар уургалж байна. Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх, зөрчих явдал улам олшрон арга хэлбэр нь бүр аюултай болж, зах хязгаар нутгийн тайван аглагт буун дуу тачигнаж, гадаад дотоодын иргэд, хилчдийн амь нас эрсдэх боллоо. Увс, Ховд, Завханы хилд өдөр тутам газар авч байгаа малын хулгай дээрэм, түүнийг дагалдсан ноцтой гэмт үйлдэл, дорнод, өмнөд чиглэлийн контрабанд, машины хулгайн наймаа, саяханы Буйр нуурт болсон явдал, юуны дохио вэ? Ийм ноцтой зөрчил даамжирвал хоёр их хөрштэй тогтсон харилцаагаа ямар хохиролд хүрч болохыг урьдчилан хэн ч таахын аргагүй. Сүүлийн жилүүдэд улс орны батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах чадавхи, залуучуудын цэрэг эх оронч үзэл эрс суларч үндэсний ухамсар алдагдаж эхэллээ. Үндэсний аюулгүй байдлын гол баталгаа болсон үндэсний эв нэгдлийг сарниулах, үзэл бодол, үндэс угсаа, шашин шүтлэг, нутаг усаараа явцууран бүлгэрхэх, талцах хандлага хяналт зохицуулалтаас гарсан нь ноцтой үр дагавар бүхий эмгэнэлт явдал мөн гэж манай нам үзэж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw