Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 361 Улсын Их Хурлын зарим гишүүд нь ийм сахилгагүй, хэнэггүй, тоомжиргүй байхад энэ төрд бид хэнээс хариуцлага тооцож асуух болж байна. Таны итгэл-бидний зүтгэл гэсэн уриан дор 1996 оны сонгуульд ялсан Ардчилсан Холбоо эвслийн гишүүд энэ төрд чин сэтгэлээсээ зүтгээсэй гэж манай нам, Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлэг хүсч, бүр уриалж байна. Хоёрдугаарт, Улсын Их Хурал тэргүүн ээлжинд нийгэм, эдийн засгийн тулгамдсан бөгөөд ард түмний хүсэн хүлээж байгаа асуудлуудыг хэлэлцэн төрийн бодлогоо тодорхойлж хэрэгжүүлэхийн оронд урьд батлагдаад нийгмийн харилцааг зохицуулж чадаж байгаа хуулиудыг шинэчлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах, хэд хэд болгон тоог нь олшруулах, тэрчлэн олон улсын гэрээ хэлцэл батлах зэрэг тулгамдсан гэж хэлэхэд хэцүү асуудалд хамаг анхаарлаа, цагаа хандууулан ажиллаж байна. Тухайлбал, Улсын Бага Хурлаар баталж түрүүчийн Улсын Их Хурал нэмэлт, өөрчлөлт оруулсан Улсын Их Хурлын тухай хуулинд өнгөрсөн онд томоохон өөрчлөлт оруулсан атлаа энэ онд дахин уг хуулиар оролдож гурван хууль болгож багагүй цаг алдлаа. Энэ оны хаврын чуулганаар 25 шинэ хууль баталсан гэж ярьж байгаа боловч үүний 7 нь хууль, бусад нь гэрээ конвенци байх жишээтэй байна. Ийм байдлаар цаашид ажиллаж болохгүй гэж бодож байна. Гуравдугаарт, Улсын Их Хуралд өргөн барьж байгаа хууль, бусад шийдвэрийн төсөл шаардлага хангахгүй байгаа нь Улсын Их Хурлын үйл ажиллагааг ихээхэн хүндрүүлж байна. Хуулийн төсөл боловсруулах ажилд Засгийн газар хэтэрхий хайнга хандаж байна. Улсын Их Хурал тэдний өргөн барьсан хуулиудын төслийг гүйцээн боловсруулах, нэмэлт ачааллыг хэрэг дээрээ өөрөө үүрэх боллоо. Дөрөвдүгээрт, Засгийн газар болон түүний яамд, агентлагууд хуулийн биелэлтийг хэрхэн зохицуулж байгааг хянан шалгах үүргээ Улсын Их Хурал, түүний гишүүд ор нэр болгон оромдож байна. Төрийн хянан шалгах хорооноос зарим газарт хийсэн шалгалтын дүнгээс үзэхэд цөөнгүй яамд, тэдгээрийн тамгын газруудад хууль, дүрэм зөрчих явдал хавтгайрч байгаа нь илэрхий байна. Гэтэл Улсын Их Хурлын хяналтын үүргээ хэрэгжүүлэхгүй, үзсэн ч үзээгүй юм шиг, сонссон ч сонсоогүй юм шиг амгалан дүр царай эсгэн сууж байна. Улсын Их Хурлын 1997 оны хаврын чуулганы нээлтээ Улсын Их Хурлын дэд дарга, Олонхийн бүлгийн ахлагч Ц.Элбэгдорж Засгийн газар, түүний сайд нартай хариуцлага тооцож ажиллахаа амлаж хурц шүүмжлэлтэйгээр илтгэл тавьсан. Олон түмэн энэхүү шүүмжлэлийн мөрөөр ямар арга хэмжээ авахыг нүд ширтэн ажиглаж байсан боловч энэ бүхэн нь ов заль болж өнгөрлөө гэж үзэхээс өөр аргагүй. Хариуцлага тооцохгүй байгаагаас дээд шатанд төдийгүй дунд, доод шатанд ажил улам цалгардаж байна. Цаашид ийм назгай, салан задгай, хариуцлагагүй байдлыг таслан зогсоох шийдвэртэй арга хэмжээ авахыг бид санал болгож байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw