МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 339 Чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхсайханы хэлсэн үг 1997.10.01 Эрхэм Ерөнхийлөгч өө! Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ! Хатагтай ноёд оо! Монгол Улсын Их Хурлын намрын чуулган ажлаа эхлүүлж байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс ажлын өндөр амжилт хүсэн ерөөж байна. Шинэ Улсын Их Хурал, Засгийн газар байгуулагдан хөтөлбөрөө батлуулж ажиллаад нэг жил болоод байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Улсын Их Хурал, Засгийн газраас эдийн засаг нийгмийн олон салбарт эргэлтийн шинж чанартай олон арга хэмжээ авсан бөгөөд түүний үр дүнд нийгэмд зарим нэг өөрчлөлт, ахиц дэвшил гарч эхэлж байна. Алдаж онож байгаа зүйл ч багагүй байна. Гэвч бүхэлдээ эхний жилд зайлшгүй авах шаардлагатай байсан арга хэмжээг Улсын Их Хурал, Засгийн газрын зүгээс үндсэнд нь авч чадсан гэж бодож байна. Монгол Улсын Их Хурлын, Монгол Улсын Ерөнхийлөгч олон түмний зүгээс Засгийн газарт шуурхай дэмжлэг туслалцаа үзүүлж байсан нь бодлогын хэрэгжилтийг үр дүнд хүргэхэд чухал ач холбогдолтой байлаа. Энэ онд үнэ ханш өмнөх жилүүдтэй харьцуулбал ихээхэн тогтворжиж 1990 оноос хойш анх удаа 7, 8 дугаар саруудад инфляцийн хэмжээ хасах үзүүлэлттэй гарлаа. Эдийн засаг тогтворжих шинж тэмдгүүд ажиглагдаж байна. 7 дугаар сард үнийн ерөнхий түвшин 0.5 хувь, 8 дугаар сард 7 хувиар буурсан. Энэ 9 дүгээр сард бидний тооцож байгаагаар үний ерөнхий түвшин өсөхгүй буурахгүй төлөвтэй байна. Үйлдвэрлэл бага боловч өсөх хандлагатай байна. Салбар хооронд бий болсон өрийн сүлжээ хөрөнгө мөнгөний түгжээ аажим аажмаар тайлагдаж банкуудын санхүүгийн чадавхи өнгөрсөн 1 жилийн хугацаанд 2 гаруй дахин өссөн байна. Хамгийн гол нь эдийн засгийн өсөлт банк санхүүгийн салбарт хямралын голомт хуримтлуулах замаар бус эрүүл байдлаар бодитой өсөх хандлагатай болж байгаа нь бидний ололт болж байна. 1998 оноос манай эдийн засаг тогтвортой өсөлтийн замд гарна гэсэн өөдрөг төсөөлөлтэй байна. Бараа үйлчилгээний үнэ тогтворжих, инфляци буурч эдийн засаг эрүүлжих хандлагатай болж байгаа нь тэтгэврийн зөрүүг ойртуулах тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг хүн бүрт энэ оны 10 дугаар сарын нэгнээс 2000 төгрөгөөр нэмэгдүүлэх, цалинг 10-15 хувиар нэмэх шийдвэр гаргах бололцоог Засгийн газар олгосон юм. Урьд нь цалин тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг жилд 2 удаа эргэн харж байгаагүй юм. Бид цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үздэг боловч түүнийгээ үнэ ханшийг хөөрөгдөх замаар шийдэж болохгүй гэдэгт хатуу итгэдэг. Энэ зарчмаа цаашид хатуу баримтлах болно.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw