Монгол улсын парламент - боть 1

338 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Төрийн бүх шатны байгууллагад хуулийг сахин хэрэгжүүлж, сахилга, хариуцлагыг эрс дээшлүүлэхгүйгээр ардчилал, шударга ёсыг тогтоож, Монголын төрт ёсны сайхан уламжлалыг хадгалан хөгжүүлэх боломжгүй юм. Сүүлийн жилүүдэд төрийн байгууллагад санхүүгийн сахилга ихээхэн суларснаас төрийн албан хаагчид татвар төлөгчдийн мөнгийг идэж ашиглах, үрж шамшигдуулах зөрчил дутагдал хавтгайрахад хүрсэн нь хууль хяналтын байгууллагаас хийсэн шалгалтын дүнгээс харагдаж байна. Өнгөрсөн 2 жилд Төрийн хянан шалгах байгууллагаас давхардсан тоогоор 3000 гаруй газарт хийсэн шалгалтаар нийтдээ 19.9 тэрбум төгрөгийн зөрчил дутагдал илэрчээ. Төрийн хянан шалгах болон хяналт шалгалтын бусад байгууллагаас илрүүлсэн дутагдлыг нэг бүрчлэн засуулж хохирлыг арилгуулж, буруутанд хариуцлага тооцож байх хэрэгтэй. Нийгмийн гэм согог болсон аливаа хууль бус үйлдэл, завхрал, гажуудал, ёс суртахуунгүй явдлыг уудлан илрүүлж олон түмний анхаарал хяналтад оруулах шударга ёсыг хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэхэд чөлөөт хэвлэл мэдээллийн үүрэг урьд урьдаас илүү өсч байна. Иймд хэвлэл мэдээлэл жинхэнэ ёсоор чөлөөтэй, хараат бус байх эдийн засаг, эрх зүйн нөхцлийг бүрдүүлэх нь зүйтэй байна. Төрийн захиргааны зүгширсэн тогтолцоо, зөв бүтэц чиг үүрэг үгүйлэгдэж байна. Гүйцэтгэх засаглалын салбар байгууллагууд хэт олширч, жижгэрсэн төдийгүй зардал чирэгдэл ихсэж, өнөөдрийг хүртэл зарим байгууллагын ажил зүгшрээгүй, эрхлэх үүрэг нь давхардсан байдалтай байсаар байна. Засгийн газрын агентлагууд байгуулагдаад бүтэн жил гаруй боллоо. Гэтэл төрийн захиргааны өдөр тутмын ажлыг гардан хэрэгжүүлдэг эдгээр агентлагууд одоо хүртэл хууль дүрэмгүй ажиллаж байна. Ширээ сандал, өрөө тасалгааны шилжилт хийх нь жинхэнэдээ бүтцийн өөрчлөлт биш, харин ч иргэдийг чирэгдүүлж, ажилтнуудыг цөхрөөж ажил хэргийг л хохироож байгааг анхаарах ёстой. Улс орноо хөгжүүлэх, ард түмний аж амьдралыг дээшлүүлэх, нийгмийн дэг журмыг хангах талаар Улсын Их Хурал, Засгийн газраас их зүйлийг олон нийт хүсэн хүлээж байна. Иймд төр засгийн бүх шатны байгуулага, ажилтнууд гар, сэтгэл нийлж, идэвхтэй, үр бүтээлтэй ажиллах шаардлагатай байна. Улс төрийн тогтвортой байдлыг хангах нөхцлүүдийг бүрдүүлж, улс орны өмнө тулгарч буй хүнд хэцүү зорилтуудыг шийдвэрлэхэд төрийн нэгдмэл бодлого, уялдан зохицсон үйл ажиллагаа хэрэгтэй. Үүнд Ерөнхийлөгч, Улсын ИхХурал, Засгийн газрын хариуцлага нэн их юм. Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие төрийн хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх засаглалын үйл ажиллагаанд хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу идэвхтэй нөлөөлж ажиллах болно. Анхаарал тавьсанд баярлалаа!15

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw