31 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I БНМАУ-ын Иргэний хуулийн өмчийн эрхийн тухай хэсгийг бүхэлд нь шинэчилснээр нийгмийн ба хувийн өмчийн олон хэлбэрийг хөгжүүлэх арга замыг шинээр тогтоолоо. Ингэснээр манай орны иргэд ер нь хүн бүр хувийн өмчтэй байх, өмчийн харилцаанд оролцохдоо бие хүний болон хуулийн этгээдийн эрх эдлэх, өмчийн нэг төрөл хэлбэр нөгөөд шилжих, тухайлбал, улсын үйлдвэрийн газруудаас боломжтой, шаардлагатайг нь иргэдийн хувийн өмчид шилжүүлэх, төрөөс бүх хэлбэрийн өмчийг хуулиар адил тэгш хамгаалах зэрэг зарчмын томоохон асуудлыг хуульчилж нэг мөр болголоо. Эрх зүйн эдгээр зарчмын цоо шинэ үндэслэл нь эдийн засгийг үзэл сурталд захируулж өмчийг гагцхүү төрийн монополь болгож байсан хуучин дэг журам, удирдлагын хэлбэрийг халах анхны шийдвэртэй алхам болсон юм. Ингэснээр эдийн засаг бүхэлдээ улс төржсөн, үзэл сурталжсан байдлаас ангижирч эхэллээ. Нэгэнт өмчийн харилцааг өөрчилж шинэчилснээр аж ахуйн хууль тогтоомжийн бусад актыг цогцолбороор нь өөрчлөхгүйгээр манай улс эдийн засгийн хувьд ч, улс төрийн салбарт ч урагшлах боломжгүй нь харагдаж байна. Энэхүү нөхцөл байдлыг харгалзан Улсын Бага Хурлаас нэн тэргүүнд аж ахуйн багц хууль тухайлбал, Албан татвар, гааль, өмч хувьчлах, аж ахуйн нэгжийн тухай хуулийг боловсруулан батлах нь зүйтэй гэж үзэж хүч бололцоогоо дайчлан ажилласан нь зохих үр дүнд хүрснийг та бүхэндээ толилууллаа. Урьд өмнө тодорхойгүй байсан янз янзын нарийн төвөгтэй бэрхшээл олонтаа учирч байсан ч дэлхий нийтийн жишиг, өөрийн орны өвөрмөц нөхцөлийг харгалзан зоримог алхмуудыг хийхээс өөр арга зам байгаагүй юм. Амьдралд бүрнээ хэрэгжүүлэхэд бодитой бэрхшээлүүдтэй тулгарч буй ч гэсэн мөн тийм учир байдлаас болж бүрэн гүйцэд ойлгоогүй зэрэг шалтгаанаар эдгээр хууль амьдралтай зөрчилдөх явдал үзэгдэж гарч байлаа. Одоо ч тийм зүйл байсаар байна. Гэвч эдгээр хуулийг баталснаар бүхэлдээ улс орны эдийн засгийг зах зээлийн харилцаанд шилжүүлэх хууль зүйн чухал үндсийг тавилаа гэж хэлэх бүрэн үндэстэй болов уу. Дэлхий нийтийн хөгжлийн жам ёсны урсгалд нэгдэн орсон Монгол улсын эдийн засаг, нийгэм, соёл, улс төрийн бүх л салбарт янз бүрийн улс орон ард түмэнтэй хэлхээ холбоо тогтоож олон улсын, мөн Засгийн газрын болон Засгийн газрын бусад байгууллагууд, хувь хүмүүстэй шууд ба шууд бус харилцах явдал бодит биелэл болж байна. Ийм нөхцөлд манай төрийн гаалийн бодлого, түүний эрх зүйн үндсийг бүхэлд нь өөрчлөх, үүнд чиглэсэн гаалийн шинэ хуулийг батлан гаргасан юм. Ялангуяа гаалийн татварын хувь хэмжээ, үнэлгээний зарчмыг шинэчлэх, татвараас чөлөөлөх бараа, гаалийн тусгай бүс, гаалийн баталгаат агуулах байгуулах талаар хуульд тодорхой тусгасан нь тус оронтой худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхийн хамт эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм. Өмч хувьчлах тухай хууль батлагдсанаас хойш хагас жил гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд өмчийг хувьчлах ажлын арга зүйн үндсийг бүрдүүлэх, удирдлага, зохион байгуулалтын дэд бүтцийг бий болгох, уг ажлыг эдийн засгийн үндсэн салбаруудад хэрэгжүүлж эхлээд байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw