Монгол улсын парламент - боть 1

277 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Монгол Улсын Үндсэн хууль, Улсын Их Хурлын тухай хуульд заасан ёсоор бид өнөөдөр 1996 оны намрын чуулганы ажиллагаагаа эхэлж байна. Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал, түүний дарааллын талаар Улсын Их Хурлын даргын захирамжийг гаргалаа. Бид 1990 оноос эхэлсэн нийгмийн бүхий л хүрээнд хамарсан шинэчлэлийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх, эдийн засгийг зах зээлийн харилцаанд шилжүүлэх үндсэн нөхцлийг тууштай бүрдүүлэх, иргэдээ өмчтэй болгох, өмчтэй холбогдсон харилцааг зохицуулах, нийгмийн хамгаалал, нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох, гэмт хэрэг, эрх зүйн зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн болон шаардлагатай бусад хуулийг энэ чуулганаар хэлэлцэж батлахаар төлөвлөөд байна. Энэ чуулганаар бид Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэн батална. Энэ нь ирэх 4 жилд Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралыг бүхэлд нь шинэчлэн өөрчлөх явцыг хурдасгах, шийдвэртэй алхмын дөрвөн жил байхаар шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт төлөвлөгдөн орж ирсэн. Бид энэхүү мөрийн хөтөлбөрийг баталснаараа Монголын ард түмний өмнө Монголын нийт сонгогчдын өмнө өнөөдөр олон түмнээс эрх барих эрхийг сонгуулиар өгсөн МҮАН-МСДН-ын Ардчилсан Холбоо эвслийн сонгогчидтой байгуулсан гэрээг хэрэгжүүлэх эрх зүйн болон үүргийн үндэслэлийг бий болгох юм. Чухам энэ үүднээс Орон сууцны тухай багц хууль, Газрын багц хууль, Нийгмийн хамгааллын багц хууль, Татварын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах багц хуулиудын төслийг тэргүүн ээлжинд хэлэлцэх болно. Энэ чуулганаар хэлэлцэх хуулиуд нь улс орны өмнө тулгарсан амин чухал, даацтай асуудлуудыг шийдвэрлэхийн зэрэгцээ сонгогчдын дэмжсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх эхний асуудлуудыг шийдвэрлэх болон иргэдийн нийтлэг эрх ашигтай шууд холбоотой учраас Монгол Улсын Их Хурлын энэ чуулганы ажиллагаа олон түмний анхаарлын төвд байх нь дамжиггүй. Тийм ч учраас Улсын Их Хурал өөрийн үйл ажиллагааг өмнөхөөс илүү нээлттэй болгож, хэлэлцсэн асуудлаархи нам, эвслийн бүлгийн болон гишүүдийн үзэл бодол, байр суурийг олон түмэнд өргөнөөр тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулах болно. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ! Бидний ээлжит бус чуулганаараа хэлэлцэж баталсан хуулийн дагуу Улсын Их Хурлын чуулганы хуралдаан долоо хоногийн Пүрэв, Баасан гаригт явагдаж, бусад өдрүүдэд Байнгын хороо, нам, эвслийн бүлгүүд хуралдаж байхаар тогтсон билээ. Өнөөдрөөс эхлэн бид төсөл хэлэлцэх шинэ дэг, шинэ журмаар ажиллах бөгөөд чуулганы хуралдаанаас гадна нам, эвслийн бүлэг, байнгын хороонд ажлын гол ачаалал ногдож байгааг харгалзан нам, эвслийн бүлгийн ахлагч, байнгын хороодын дарга нар болон гишүүд өөрсдөө идэвх санаачлагатай ажиллахыг шинэ дэг маань биднээс шаардаж байгааг Та бүхэн хичээнгүйлэн анхаарна биз дээ.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw