274 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Ерөнхийлөгч хуулиас гадуур хүн биш нь ойлгомжтой боловч төрийн дээд албан тушаалтны хувьд түүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх баталгаа болсон нэр төр халдашгүй дархан байх эрхийг хөндсөн аливаа асуудлыг зөвхөн цэцийн дүгнэлттэйгээр дэлгэн тавих учиртай гэдгийг цаашид иш үндэс болгож энэ талаар тодруулсан үндэслэл заалтыг зохих хуулиудад тусгах шаардлагатай байгааг Их Хурал анхааралдаа авч төр ёсны үүднээс хандаж шийдвэрлэнэ гэж итгэж байна. Энэчлэн ёс зүйн горим шаардлагын үүднээс төрийн дээд болон өндөр албан тушаалтны эрх дархад хэрхэн хандаж харилцах талаар нэгийг бодох цаг болсон байна. Зарим гишүүн Үндсэн хууль зөрчсөн тухай цэцийн дүгнэлт гарсаар байхад Их Хурал тодорхой шийд гаргалгүй өнгөрсөн явдал ч үзэгдлээ. Эцэст нь үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн асуудпаар нэг зүйлийг нэмж хэлэхэд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуулийн дагуу байгуулагдаад 4 жил ажиллахдаа өөрийн эрх хэмжээний хүрээнд улс үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн бодлого боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа, уялдуулан зохицуулах ажлыг гүйцэтгэж ирлээ. Энэ хугацаанд зөвлөл 81 удаа хуралдаж нийт 114 асуудал хэлэлцэж, зохих шийдвэр гаргасан. Зөвлөл нь багагүй зүйлийг хийсэн боловч цаашид түүний үйл ажиллагааг улам боловсронгуй болгож идэвхжүүлж үр нөлөөг нь дээшлүүлэх шаардлагатай байгаа. Зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүнийг тодорхой хэмжээгээр өргөтгөн боловсронгуй болгох, үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлуудыг уялдуулан зохицуулахын дээр зарим тодорхой асуудлаар заавал биелүүлэх удирдамж шийдвэр гаргадаг болох нь манай үндэстний эрх ашигт илүү нийцнэ гэж үзэж байна. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч ойрын үед хуулийн төсөл санаачилж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх бодолтой байна. Улсын ИхХурлын гишүүд, Засгийн газрын гишүүдээ, Их Хурлын болон Засгийн газрын гишүүний өндөр албан тушаалд сонгогдож, томилогдсон та бүхэнд түүхэн уламжлалт Монгол төрийнхөө эрхэм дээд нэр хүндийг өндөрт өргөж ард түмнээс хүлээлгэсэн гүн итгэл хүндэтгэлийг бүрнээ ухамсарлаж бүх хүч мэдлэгээ төр түмний тусын тулд зориулна гэдэгт итгэж байна. Та бүхэнд ажлын оргилсон эрч хүчээ хамтатган үлэмжийн их үр бүтээл гаргахыг хүсэн ерөөе. Төр төвшин болтугай. Анхаарал тавьсанд баярлалаа.3
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw