262 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Хоёрдугаарт, хууль тогтоох үйл ажиллагааны ер нь эрх зүйн шинэчлэлийн шинэ хөтөлбөрийг нэн даруй боловсруулан баталж, түүнийг тууштай мөрдөн ажиллах нь чухал. Байгууллага салбарын эрх ашигт явцуурч хэлбийсэн орон тоо, зардал ихэсгэсэн олон жижиг төслийг ирүүлснийнх нь зоргоор хэлэлцдэг урсгал байдлаас ангижирвал зохино. Үүний тулд хөтөлбөр ажлын технологийн хатуу чанд горим журам хэрэгтэй байна. Гуравдугаарт, дээрх дурдсан шаардлагуудыг тусгаж хууль санаачлах, төсөл боловсруулах, хэлэлцэн батлах, нийтлэх, биелэлтийг зохион байгуулах, хянан шалгах журмыг тодруулж боловсронгуй болгох, энэ үүднээс Их Хурлын хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын хамт хууль тогтоомжийн арга ажиллагааны горим тогтоосон үйл явцын журмыг ч жичид нь боловсруулж батлах хэрэгтэй болно. Эдгээр журмуудыг тогтоохдоо хууль тогтоох ажлын эрчим үр нөлөөг дээшлүүлэхийн үндэс болсон төсөл боловсруулах ажлын чанарыг эрс сайжруулахад Их Хурал, ялангуяа олон санаачлагч байвал зохих Засгийн газар, улмаар тэдгээрийн ажлын байгууллага, албадын үүрэг хариуцлагыг дээшлүүлбэл зохино. Их Хурал, Засгийн газрын дэргэдэх судалгааны газруудын ажлыг ч энэ чиглэлээр боловсруулж, хэлэлцэж буй асуудлуудын үндэслэлийг сайжруулахад шууд холбон чиглүүлбэл зохилтой. Төслийг Их Хуралд өргөн мэдүүлж чадвал батлагдан гардаг мэт төсөөлөл хандлагыг зогсоож Их Хурлын зүгээс хуулийн төсөл, түүний санаачлагчдад тавих шаардлагыг өндөржүүлбэл зохино. Их Хурлын гишүүний хууль санаачлах эрхийг хэрэгжүүлэх үндэслэл журмыг уг ажлын шаардлага, бусад улсын жишгийг харгалзан хуульчлан тодруулах шаардлагатай нь практикаас бас харагдлаа. Төсөл зөв сайн боловсрогдсон бол түүнийг хэлэлцэн батлахад зарцуулах хугацаа багасаж тэр чанараараа Их Хурал хянан шалгах зэрэг бусад ажил хэрэгт зарцуулах цаг хүч, түүний боломж нэмэгдэх нь тодорхой билээ. Энэ үүднээс хуулийн төсөл хэлэлцэх горим журмыг шинэчилж энэ талаар Парламентын олонх, цөөнхийн нэгэнт буй болсон зохистой бүтцийг зөв ашиглах, байнгын хороодын ажлын чанар хариуцлагыг шинэ төвшинд гаргууштай байна. Парламентын олонх цөөнхийн аль алиний статусыг тодруулан тогтоосон өөрчлөлтийг хуулинд нэмж оруулах хэрэгцээ тулгарч байна. Дөрөвдүгээрт, өргөн утгаар авч үзвэл хууль тогтоох үйл ажиллагааны салшгүй хэсэг болсон Парламентын хянан шалгах бүрэн эрхийг хэрэгжүүлэх ажлыг хэлбэрдэл, ёс төдий байдлаас ангижруулж Засгийн газар, түүний байгууллагууд, өөрөөр хэлбэл гүйцэтгэх эрх мэдэл бүхий байгууллагуудын хувьд Их Хурлын бусад шийдвэрийг хэрэгжүүлэх ажилд тавих хяналт шалгалтанд Их Хурал, түүний байнгын хороод их цаг зарж үнэнхүү их чармайлт гаргах хэрэгтэй болоод байна. Чухам энэ үүднээс Их Хурлын хяналт шалгалтын бүрэн эрхийг хэрэгжүүлэх арга хэлбэрийг энэ талаарх хариуцлагын тогтолцоог хуулиар нарийвчлан тогтоож чанд мөрдож ажиллахыг ард түмэн хүсэн хүлээж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw