Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 261 Хийсэн ажлынхаа сайн талыг тэмдэглэхийн зэрэгцээгээр шийдэж хийж чадаагүй ажил, эхэлсэн боловч, эрчийг нь авахуулж амжаагүй хийгээд улс орны амьдралын өнөөгийн байдлаас урган гарч байгаа шинэ зорилтуудад анхаарлаа төвлөрүүлэх нь чухал байна. Энэ шаардлагын үүднээс эхлээд засаг төрийн дээд байгууллагуудын үйл ажиллагааны шинэчлэлийг гүнзгийрүүлж илүү эрч хүч, үр дүнтэй ажиллах талаар хэдэн саналыг дэвшүүлье. 1. Улсын Их Хурлын үйл ажиллагааг боловсронгуй болгох, үр нөлөөг нь дээшлүүлэх талаар Шинэ сонголт бол ард түмний илүү өндөр шаардлага их үр дүнг хүсэн хүлээсний илэрхийлэл, найдлага, бас хариуцлага юм. Сонгуулиар манай ард түмэн Монгол Улсын хууль тогтоох байгууллагын олонхийн суудлыг 75 жил Засгийн эрхийг дангаар болон зонхилж байсан Монгол Ардын Хувьсгалт Намаас ардчилсан хувьсгалыг санаачлан хошуучилсан улс төрийн шинэ залуу хүчин, тухайлбал МҮАН, МСДН-ын “Ардчилсан холбоо” эвсэлд шилжүүлэн өглөө. МАХН анх удаа парламентад цөөнх болж, Монголын Уламжлалын Нэгдсэн Нам парламентад суудалтай боллоо. Энэ бол манай нийгмийн улс төрийн хүчнүүдийн харьцаанд зарчмын өөрчлөлт орж, Монгол орон ардчилсан шинэчлэлийн замаар эргэлт буцалтгүй урагшилж буйн нотолгоо болохын хамт уг үйл явцыг эрчимтэй гүнзгийрүүлэх түүхэн зорилтыг та бидний өмнө дэвшүүлэн тавьж байгаа хэрэг мөн. Ийнхүү гүнзгийрүүлэн шинэчлэх үйл явцыг Их Хурал, түүний байгууллагууд шууд өөрөөсөө эхлэх хэрэгтэй гэдэгт та бүхэн эргэлзэхгүй байх. Улсын Бага Хурал, дараа нь Их Хурлаас эхэлсэн шинэ үеийн Парламентын хуримтлуулсан үр ашигтай бүхнийг өвлөн залгамжилж сул тал, дутуу дулимаг зүйл, зарим зөрчлийг арилгах үндсэн дээр дараах арга хэмжээг нэн даруй авах нь чухал гэж үзэж байна. Нэгдүгээрт, парламент юуны өмнө хууль тогтоох ажлын өнөөгийн байдалд дүгнэлт хийж энэ ажлын зохион байгуулалт, дэг журам, чанар үр нөлөөг шинэ түвшинд гаргах хэрэгтэй байна. Өнөө болон ойрын жилүүдэд хууль тогтоох ажлын үндсэн чиглэл нь Үндсэн хуулийн зарчмын үндэслэлүүдийг тодруулж нарийвчилсан шинэ хуулиудыг баталж гаргахаас гадна хүний эрх, эрх чөлөө, улс төр, нийгэм эдийн засаг, соёл оюуны амьдралын хүрээн дэх шинэчлэлийг гүнзгийрүүлэхийн үүднээс өмнөх жилүүдэд гаргасан олон хуулиудын уялдааг хянан үзэж зөрөөтэй заалтуудыг нэг мөр болгох, бүрхэгийг нь тодруулах, амьдралын шалгалт даахгүй болсныг нь өөрчлөх, хийдлийг арилгахад чиглүүлэх нь чухал. Үүнийг би хуулинд нийгмийн харилцааны шинэчлэлт, түүний түүхэн хандлагыг тусган өөрчлөгдөж, цэвэршиж чанаржиж байх жам ёсны үүднээс хэлж байгаа юм. Ер нь хууль тогтооход тооноос гадна чанар үр нөлөө хэрэгтэй байна. Хуулиудын заалтыг жинхэнэ ёсоор үйлчилдэг болтол нь нарийвчлах явдал чухал байна. Бүдүүвч тойм заалтууд нь олон заавар төрүүлж түүгээр хуулийг орлуулахад хүргэж эцэстээ эрх зүйт төрд тавигдах гол шаардлагыг хөсөрдүүлдэг нь тодорхой байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw