246 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Өмч хувьчлалд гарсан зарим алдаа, гажуудлыг засаж залруулж, өмч хувьчлалыг гүнзгийрүүлэн эрхийн бичгээр явагдах хувьчлалыг дуусгаж, үнэт цаасны хоёрдогч зах зээлийг нээн ажиллууллаа. Өмч хувьчлал эхэлснээс хойшхи хугацаанд хувьчлахаар тооцсон үндсэн хөрөнгийн 90 гаруй хувь хувьчлагдсаны дотор үйлчилгээний салбар бүхэлдээ хувийн өмчид шилжлээ. Өмч хувьчлалын үр дүнд манай эдийн засагт хувийн секторын эзлэх жин нэмэгдэж, 1995 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг үйлдвэрлэх хэмжээнд хүрсэн байна. Хөдөөгийн талаар баримтлах төрийн бодлого тодорхойлогдлоо. Өнгөрсөн хугацаанд мал сүрэг үндсэндээ хувьд шилжиж, малчид маань өмчтөн боллоо. Монголын төрөөс малчдаа татварын бодлогоор дэмжих, элдэв хураамж, шимтгэлийн дарамт учруулахгүй байх чиглэлийг чандлан баримталж ирсэн юм. Улсын Их Хурлаас малчдад ноогдуулсан татвар үлэмж бага гэдгийг хэн хүнгүй мэднэ. Малчдынхаа эрүүл мэндийн даатгалын тэн хагасыг төр хариуцахаар хуульчилсан нь ч тэдэнд зориулж байгаа хөнгөлөлт яах аргагүй мөн. Малын даатгал, газрын төлбөрийн хуулиудыг батлахгүйгээр хойшлуулсан нь малчид, тариаланчдын бэл бэнчин нэмэгдэх хүртэл татварын ачааллыг хөнгөлөх, нимгэлэх зориудын бодлого байсныг тэмдэглэе. Хөдөө аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүний үнэ буурч, хөдөөгийнхний эн тэргүүний өргөн хэрэглээ, хүнсний бүтээгдэхүүний үнэ өсч буй өнөөгийн бэрхшээлийг гэтлэн давах, цөөн малтай малчдын малын тоо толгойг нэмэгдүүлэх, нийт малчдыг мөнгөжүүлэх зорилт нь төр, засгаас илүүтэй анхаарах асуудал даруй мөн. Газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх замаар гурилынхаа хэрэгцээг дотооддоо хангах, тус салбарт ажиллагсад, тариаланч, механикжуулагчдынхаа ахуй амьдралыг өөд татах нь төр, засгаас зориуд анхаарч, шийдвэртэй арга хэмжээ авах амин чухал зорилт юм. Зах зээлийн эдийн засгийн харилцааны эрх зүйн зохицуулалтыг тогтооход чиглэсэн гол гол хуулиудыг батлан, зарим хуулинд нэмэлт өөрчлөлт орууллаа. Ийнхүү эдийн засгийн харилцааны эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлж, бодлогын чанартай арга хэмжээнүүдийг дэс дараатай хэрэгжүүлсний дүнд эдийн засаг эрүүлжин тогтворжих суурь дэвсгэр баттай тавигдлаа. Макро эдийн засгийн бодлогын шинжтэй арга хэмжээг тууштай хэрэгжүүлсний үр дүнд эдийн засгийн уналтыг Засгийн газрын бүрэн эрхийн хугацааны эхний хоёр жилд багтаан зогсоох, удаах хоёр жилд нь цаашдын өсөлтийн суурийг тавихаар дэвшүүлсэн гол зорилт маань хэрэгжлээ. Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжихэд чиглэсэн улс төр, эдийн засгийн томоохон алхмуудыг хийсний үр дүнд нийгмийн салбарт өөрчлөлт хийх угтвар нөхцлийг хангалаа. Улсын Их Хурал хүн амын нийгмийн хамгааллын тогтолцоог зах зээлийн нөхцөлд нийцүүлэн бий болгох зорилгоор нийгмийн даатгал, нийгмийн халамжийн багц хуулиуд, эрүүл мэндийн даатгалын хуулийг батлан мөрдүүллээ. Манай парламент эмэгтэйчүүд, хүүхэд, залуучууд, өндөр настан
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw