Монгол улсын парламент - боть 1

244 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Улсын Их Хурал хууль цаазат төрийн хэм хэмжээнд нийцүүлэн төрийн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч бүх бүрдлийн тухай хуулиудыг хэлэлцэн баталж, тэдгээрийн дагуу уг бүтцүүдийг шинээр буй болгон зохион байгуулж ажиллуулсан юм. Тэрчлэн нийслэл, орон нутаг, хот тосгоны эрх зүйн байдлыг хуульчлан тогтоосноор орон нутгийн удирдлагыг шинэ зарчмаар зохион байгуулсан билээ. Өнөөдөр улс төрийн амьдрал маань ямар нэг дарамт шахалтын нөлөөгөөр бус өөрийн дотоод зохицол, зохиромжийн дагуу зөрчлийг шийдвэрлэх эрх зүй, зохион байгуулалтын чадварынхаа хүчинд тогтвортой энх амгалан оршиж, хөгжиж байна. Манай оронд олон үзлийн найралт ёсны зайлшгүй үр бүтээл болох улс төрийн өрсөлдөөн бодитой оршин бий. Харин энэ ёс улс үндэсний эв нэгдэлд сэв гав үл учруулна гэдгийг итгэл төгс хэлэх байна. Улс төрийн тогтвортой байдлыг хадгалан, төрийн нурууг төвшин авч ирсэн нь манай парламентын бүрэн эрхийн хугацааны нийт ажлын нэг гол үр дүн мөн. Манай орны улс төрийн амьдралд гарсан зарчмын шинжтэй чухал чухал өөрчлөлтийг дурьдахын зэрэгцээ шинэ тулгар улс төрийн системийн ажиллагааг цаашид зүгшрүүлж, нийгмийн хөгжлийн “зүрх, тархи” болгон төлөвшүүлэх шаардлагатайг тэмдэглэе. Монгол Улсын эдийн засаг, нийгэм зах зээлийн харилцааны гольдрилд нэгэнт цэгцрэн тууширлаа. Харилцааны хэв маягийг үндсээр нь өөрчлөхийн зэрэгцээ эдийн засгийн уналтыг сааруулан зогсоож чадсан нь энэ салбар дахь хамгийн том ололт болов. Улсын Их Хурал шинээр зохион байгуулагдан үйл ажлаа эхэлж байсан үед улс орны эдийн засаг гүн хямралд орж, үйлдвэрлэлийн хэмжээ эрс бууран ард түмний амьжиргааны түвшин улам улмаар доошилж байсан билээ. Ихэвчлэн импортын сэлбэг хэрэгсэл, материал, түүхий эдэд түшиглэсэн олонхи үйлдвэрүүд маань зогсоход хүрээд байв. Дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл жил тутам буурч, хүн амд ноогдох хэмжээгээр 1980-аад оны эхэн үеийн түвшинд хүртэл ухарсан байлаа. Улс орны гадаад валютын нөөц шавхагдан шил шилээ дарсан өрийн дарамтад орсны зэрэгцээ хүн амын нэн чухал хэрэгцээтэй бүтээгдэхүүний хүрэлцээ, хангамж хомсдож, хүнсний гол нэрийн барааг картаар хуваарилах журамд шилжсэн байв. 1990 оноос хойш зах зээлийн эдийн засгийн шинэчлэлийн эхний алхмууд хийгдэж эхэлсэн боловч эдийн засаг, нийгмийн амьдралд хямрал, ухралт, уналт зэрэг сөрөг үзэгдэл, хүндрэл, бэрхшээл давамгайлах болсон байлаа. 1992 оны сонгуулийн дүнд эмхлэн байгуулагдсан Улсын Их Хурал, Засгийн газар нь Монгол орны эдийн засгийг зах зээлийн харилцаанд шилжүүлэх үйл явцыг эргэлт буцалтгүйгээр түргэтгэхэд чиглэсэн бодлогын арга хэмжээг эрчимжүүлэх зорилт тавьж, түүнийгээ хэрэгжүүлсэн юм. Өнгөрсөн хугацаанд зах зээлийн эдийн засгийн харилцааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх, төсөв санхүү, мөнгө, зээлийн харилцан уялдаатай бодлого явуулах, жолоодлогогүй инфляцийн аюулаас сэргийлэх, үнэ,

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw