226 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Чуулганы завсарлагаар Улсын Их Хурлын эрхэм гишүүд Байнгын хороондоо ажиллаж, хяналт шалгалтын ажилд оролцон, орон нутгийн аж амьдрал, ажил байдалтай танилцаж, сонгогчидтойгоо уулзлаа. Иргэд, сонгогчидтой уулзах явцад гарсан санал, хүсэлтийг нэгтгэн, шийдвэрлүүштэй асуудлын талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг, чиглэл өгч, хэрэгжилтийг нь хянаж байх болно. Өнгөрсөн жилүүдэд цалин, тэтгэвэр, тэтгэмж цаг хугацаандаа буухгүй иргэд, тэр дундаа орлого багатай хүмүүс, ахмадуудын амьдрал байдлыг хүндрүүлэх тохиолдол үе үе давтагдан гарч байлаа. Ийм байдал одоо ч энд тэнд бахь байдгаараа байгаа тул судалж, хянаж, шахаж шаардууштай ажлын нэг нь энэ яалтгүй мөн. Тэрчлэн ядуурлыг бууруулах, ажилгүйдлийг багасгах зорилгоор, төсөл шалгаруулан санхүүгийн зээл олгохдоо журмын дагуу шударга хандсан эсэх, янз бүрийн эх үүсвэрээс урьд өмнө хуваарилсан хөрөнгийн зарцуулалт хэрхэж байгаа, зохих эзэндээ хүрсэн эсэхийг судлах, буруу зөрүүг засч залруулах шаардлага байгааг ч сонгогчдын тавьж буй санал хүсэлтээс харж болно. Малчид соёл, ахуйн үйлчилгээ, мэдээллээр гачигдсан хэвээр байна. Бэлэн мөнгө дутагдалтайгаас үүдэн сонин хэвлэл захиалж уншихад үлэмж бэрхшээл учирдаг нь хөдөөгийн нийтлэг дүр зураг болжээ. Төрийн хууль тогтоомжийн сурталчилгаа нэн хангалтгүй хэвээр байна. Энэ бүгдийг тухайн ажил хариуцсан төв, орон нутгийн төрийн байгууллагууд дүгнэн цэгнэж, дорвитой юм хийх, үйл ажил өрнүүлэх шаардлагатай байна. Төрийн хууль тогтоомж хэрэгжүүлэх талаар бүх шатанд тодорхой зүйл хийж, нийгмийн дэг журмыг хангах, сахилга зохион байгуулалтыг бэхжүүлэхэд төрийн хийгээд шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагуудын нэгдмэл хүчийг төвлөрүүлэх нь өнөөгийн нийгмийн тулгамдсан шаардлага мөн. Улсын Их Хурлын ивээл дор өнгөрсөн жил болсон сахилга, хариуцлагын зөвлөлгөөний шийдвэрийн хэрэгжилт, парламентаар батлагдсан нийгмийн дэг журам сахиулах талаар авах арга хэмжээний төлөвлөгөөний биелэлтийг Хууль зүйн байнгын хороо зориуд авч үзэж, нэгтгэн дүгнэж, байнга хяналттай ажиллавал зохино. Энэ жилдээ хийсэн байхаар бодож төлөвлөж улс даяар анхаарал тавин хөөцөлдөж байгаа ажлуудын гол ноён нуруу нь баяр наадмын наана нугарсан байх учиртай. Тухайлбал 1996 оныг Засгийн газар боловсролын жил болгон зарлаж, тэргүүлэх салбарын шинэчлэлтийг хэрэгжүүлэх талаар тодорхой ажил хийх зорилт дэвшүүлсэн. Боловсролын багц хуулийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг эрчимжүүлэх, сургуулийн удирдлагыг бэлтгэх ажлыг чанаржуулж, салбарын бүтцийг боловсронгуй болгох, сургууль, цэцэрлэгийн материаллаг баазыг бэхжүүлэх, сурах бичгийг шинэчлэх, хэвлүүлэх, сургалт, хүмүүжлийн ажлыг сайжруулах дорвитой зүйлүүд бодож боловсруулан сургууль боловсролын амьдралд нэвтрүүлэх хэрэгтэй. Саяхан Засгийн газраас эрхлэн “Эмэгтэйчүүд нийгмийн хөгжилд” үндэсний чуулган хийлгэсэн билээ. Чуулганаас монголын эмэгтэйчүүд,
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw