Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 223 УЛСЫН ИХ ХУРЛЫН 1996 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН Чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга Н.Багабандийн хэлсэн үг 1996.03.22 Улсын Их Хурлын эрхэм гишүүдээ! Монгол Улсын Их Хурал өнөөдөр бүрэн эрхийнхээ хугацааны төгсгөлийн чуулганаа эхэлж байна. Эл чуулган нь та бид дөрвөн жилийн хугацаанд хичээнгүйлэн зүтгэж хийсэн нөр их ажлынхаа сүүлчийн тоосгуудыг өрөх учиртайгаар онцлог юм. Хаврын чуулганы хуралдааны нэлээд хугацаа нь Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн ажилтай давхцаж байгаа. Энэ онцлогийг ч бид тооцон бодолцож, ажил цагаа хуваарилах учиртай. Товчоор хэлбэл, илүү шуурхай бөгөөд үр бүтээлтэй ажиллацгааж байж төлөвлөсөн зорилтоо хэрэгжүүлэх нь ээ. Бүрэн эрхийнхээ үлдэж буй хугацаанд хууль тогтоох бодлого, түүнд баримтлах чиглэлээ Та бид өнгөрсөн чуулганы эцсээр хэлэлцэн тодорхойлсон. Эн тэргүүнд өнгөрсөн чуулганаар анхны хэлэлцүүлэг хийсэн хуулиудыг батлан гаргах ёстой. Хоёрдугаарт: Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг товлон зарлах, сонгуулийн тойрог байгуулах болон төрийн сонгуультай холбоо бүхий Улсын Их Хурлын бүрэн эрхийн хүрээний цогц асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Гуравдугаарт, Улс орны улс төр, эдийн засаг, нийгмийн тулгамдсан зорилтуудыг бусад асуудлын хүрээнд хэлэлцэн шийдвэр гаргана. Хуулийн дагуу хяналтын эрх үүргээ хэрэгжүүлж, сонгогчидтойгоо ажиллах болон бусад чиг үүргээ биелүүлэх нь урьдын адил Байнгын хороод, эрхэм гишүүдийн гүйцэтгэх ажлын нэг чухал хэсэг байх болно. Улсын Их Хурлын Хөдөөгийн бодлого, байгаль орчны байнгын хороо, ажлын хэсэг Ургамал хамгааллын тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ. Энэхүү хууль батлагдсанаар хадлан, бэлчээр, ой, таримал ургамал болон тариалангийн талбайг элдэв өвчин, хортон шавьж, мэрэгч амьтад, хог ургамлын хөнөөлөөс хамгаалан, байгаль орчны зохистой тэнцлийг хангахад чиглэсэн нэн чухал харилцааг хуульчлан зохицуулах боломжтой болох юм. Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалахад энэ хуулийн үйлчлэл хувь нэмрээ оруулах нь дамжиггүй. Улсын Их Хурал хөдөөгийн талаар баримтлах төрийн нэгдсэн бодлогыг тодорхойлохоор ажиллаж байгаа бөгөөд асуудал эрхэлсэн байнгын хороо төслийг даруй хэлэлцүүлэгт бэлтгэн энэ бүрэн эрхийн хугацаанд батлуулахаар ажлаа зохион байгуулах хэрэгтэй байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw