172 Чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга Н.Багабандийн хэлсэн үг 1994.07.08 Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ! Монгол Улсын Их Хурал ээлжит чуулганаа өндөрлөж байна. Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш 5 удаагийн чуулган хийж сонгуульт хугацааныхаа тэн хагасыг туулсан байна. Энэ хугацаанд 115 хууль хэлэлцэн баталжээ. Ингэснээр бид Үндсэн хууль, түүний хавсралт хуульд эрх зүйн үндсийг нь хуулиар тогтоохоор заасан, гол хуулиудыг нь үндсэнд нь батлан гаргасан юмуу, анхны хэлэлцүүлгийг хийсэн дүнтэйгээр эхний хоёр жилийг үдэж байна. Монгол Улсын төрийн байгууллагын харилцааг зохицуулах хуулиуд батлагдаж төрийн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагууд хуулийн дагуу ажиллах нөхцөл бүрдлээ. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль хэрэгжээд хоёр жилийн нүүр үзэж байна. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж дэх хот тосгоны эрх зүйн үндсийг хуульчилж өглөө. Анх удаа нийслэлийн эрх зүйн үндсийг хуулиар баталгаажууллаа. Батлан гаргасан эдгээр хуулиудын хэрэгжилтийн байдпыг холбогдох байнгын хороо авч үзэж сайжруулан төгөлдөржүүлэх, нэмэлт, өөрчлөлт хийх шаардлага бий эсэхийг тодорхойлох хэрэгтэй байна. Улсын Их Хурлын гишүүд орон нутагт ажилласан байдал, төрийн анхан шатны нэгжээс ирж байгаа санал, хүсэлтээс үзвэл нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх, эрх үүргийг нь илүү тодорхой болгох, энэ чиглэлээр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ зайлшгүй байгаа нь тодорхой байна. Эрхэм гишүүдээ энэ асуудлыг сунжруулалгүйгээр шийдвэрлэж өгөх нь төр, засгийг бэхжүүлэхэд ач холбогдолтой болно. Шүүх эрх мэдлийн хүрээний гол гол харилцаа хуулиар зохицуулагдах бололцоотой болсон. Шүүх, прокурор, цагдаа, хорихын хуулиуд, мөн эрүүгийн болон эрүүгийн байцаан шийтгэх хууль, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх тухай хуулиудыг энэ хооронд Та бид баталлаа. Нийгмийн дэг журам хангах талаар төрөөс явуулах үйл ажиллагааны үндсэн чиглэл батлагдаж, бодлого тодорхой боллоо. Захиргааны хариуцлагын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж, батлан гаргаж байгаа бусад хуулиудад, захиргааны хариуцлага ногдуулах заалтуудыг тусган өгч байна. Үндсэн хуулийн агуулгаар шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үүднээс өмнө баталсан шүүхийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Захиргааны хариуцлагын төрөлжсөн хуулийг батлан гаргах, Өмгөөллийн хуулийг хойш тавилгүй баталж өгөх хэрэгтэй байна. Цаашдаа Эрүүгийн хууль болон, Байцаан шийтгэх хуулиуд шинээр боловсруулах шаардлагатайг Парламент анхааралдаа авах ёстой гэж үзэж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw