МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 161 Чуулганы нээлт дээр Улсын Их Хурлын гишүүн Ц.Элбэгдоржийн хэлсэн үг 1994.03.15 Хүндэт Ерөнхийлөгч! Улсын Их Хурлын дарга! Эрхэм гишүүд ээ! Улсын Их Хурлын ээлжит сонгууль явагдаж Монголын шинэ парламент бүрэлдсэнээс хойш Улсын Их Хурлын гишүүд бид 4 дэх чуулганыхаа нээлтийг хийж байна. Энэ нь Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа талдаа орж байна гэсэн үг. Улсын Их Хурал дахь цөөнхийг төлөөлж өнөөдөр үг хэлж байгаагийн хувьд өмнөх чуулганы нээлт дээр буюу 1993 оны 10 дугаар сарын 04-ний өдөр цөөнхийн нэрийн өмнөөс хэлсэн үг, тэнд бидний тавьсан санал хэрхэн хэрэгжсэн тухай хэдэн зүйлийг тодруулах нь зүйтэй гэж Улсын Их Хурал дэх сөрөг хүчний гишүүд бид үзсэн юм. Бид юуны өмнө Улсын Их Хурлын зохион байгуулалтанд өнгө заслын бус төрийн эрх барих дээд байгууллага, парламент болохынх нь хувьд үндсэн өөрчлөлт оруулах ёстой, Улсын Их Хурал нь үйл ажиллагаагаа эрхээ хуульчилсан хэсэг депутатын нээлттэй индрийн хэлбэрээр бус тодорхой үзэл баримтлал бүхий улс төрийн намуудыг төлөөлсөн, ард түмний саналын олонхи цөөнхийн илэрхийлэл болсон парламентын ёсоор үргэлжлүүлэхээс өөр аргагүй гэсэн дүгнэлт хийж байдгаа өнгөрсөн намрын чуулганы нээлт дээр албан ёсоор мэдэгдсэн. Бид Улсын Их Хурлын хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулахад тодорхой санал бэлдэж өргөн барьсан. Уг парламент дахь олонхи цөөнхийн асуудал, түүнтэй холбогдсон харилцааг Улсын Их Хурлын анхдугаар чуулганы эхэнд авч хэлэлцэх ёстой байсан. Учир нь 1992 онд явагдсан Улсын Их Хурлын сонгуулийн дүн, түүний дагуу бүрэлдсэн Улсын Их Хурлын бүрэлдэхүүн нь Монголд урьд хожид хэн ч эс тааварлаж чадах улс төрийн цоо шинэ нөхцөл байдал үүсгэсэн юм. Улсын Бага Хурлын үед баталсан Улсын Их Хурлын тухай хууль нь тийм онцгой байдлын үеийн харилцааг зохицуулахад бус, хөгжил дэвшлийн зүй тогтлын дагуу урьдахаасаа илүү чадварлаг, бүтэц бүрэлдэхүүн бүхий, хамгийн гол нь улс төрийн хүчний харьцааны бодит тусгал болсон парламентад зориулагдсан хууль байсан юм. Иймээс ч Улсын Их Хурлын үйл ажиллагаа бүрэлдсэн өдрөөсөө өөрийн тухай хуультай зөрчилдөж эхэлсэн. Улсын Их Хурлын дэргэдэх Сонгуулийн ерөнхий хорооны албан ёсны дүнгээр ард түмний 56,9 хувийн санал дэмжлэг авсан МАХН парламентын суудлын 92 хувийг, 43,1 хувийн дэмжлэг хүлээсэн шинэ намууд 8 хувийн суудал эзэлсэн нь дээрхийн бодит шалтгаан болсон юм. Манай орны улс төр, төрийн ардчилсан тогтолцоонд бий болсон энэ онцгой байдал ялангуяа эрх баригчдаас төрийн тогтвортой байдлыг хангахын тулд жирийн бус нэлээд онцлог бодлого явуулахыг шаардсан.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw