132 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I сайтар судлан нэг мөр болгох нь зүйтэй. Оюуны зах зээлийг хөгжүүлэхэд төрийн дэмжлэгийг нэмэгдүүлэх, соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт ажиллагсдын нийгмийн баталгааг хангах, оюун ухаан, авьяас чадвар, мэргэжил боловсролыг хөхиүлэн тэтгэж хөгжүүлэх нь төрийн бодлогын үндсэн чиглэл бөгөөд манай орны хөгжлийн ирээдүйн хандлагатай яв цав нийцнэ гэж бодож байна. Шинжлэх ухаан, боловсрол, соёлын салбарт явуулах цэгцтэй нэгдсэн бодлого боловсруулан хэрэгжүүлэхэд Улсын Их Хурлын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байнгын хороо онцгойлон анхаарч ажиллах ёстой болов уу. Хаврын чуулганаар бид Газрын тухай хуулийг хэлэлцэж таарна. Энэ хуулийг бэлтгэн чуулганд оруулж хэлэлцүүлэх Байгаль орчныг хамгаалах байнгын хороо олон түмний санаа бодлыг аль болох өргөн хүрээнд сонсож, монгол орныхоо өнөө ба ирээдүйн эрх ашгийн үүднээс туйлын буурь суурьтай судлан тунгаасан хувилбарыг боловсруулан хэлэлцүүлнэ гэж найдаж байна. Энэ асуудлаар хууль тогтоогчид, эрдэмтэн мэргэд, мэргэжлийн хүмүүс оролцсон уулзалт, санал солилцлого зохион байгуулж болохыг тус байнгын хороо анхаарч үзнэ биз ээ. Эрхэм гишүүд ээ, судалгааны байгууллагуудаас явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд Улсын Их Хурлын нэр хүнд олон түмний дунд төдийлөн өндөр бус байна. Яагаад ийм байна гэдэгт бид дүгнэлт хийх учиртай. Мэдээж олон нийтийн үнэлгээнд манай ажлын доголдол нөлөөлж байгаа. Хууль тогтоох үйл ажиллагаанд оршиж байгаа дутагдлын талаар өмнө нь ч ярьж байсан билээ. Нөгөө талаар бид гол анхаарлаа хууль тогтооход чиглүүлээд хянан шалгах чиг үүргээ энэ хэмжээгээр хэрэгжүүлж чадахгүй байгаа. Хуралдааны үеэр Засгийн газрын гишүүдэд тавьж байгаа асуулт, асуулга нь мэдээлэл авах төдийгөөс хэтрэхгүй байна. Гэтэл асуулт, асуулга гэдэг бол парламентаас гүйцэтгэх засаглалын ажиллагаанд хяналт тавих гол хэрэгслийн нэг юм. Байнгын хороодын зүгээс яамдын ажилд хяналт тавих, тодорхой асуудлыг гүнзгий судалж, хууль болон бусад шийдвэрт тусгах явдал шаарддагын хэмжээнд хүрэхгүй байна. Улсын Их Хурлын боломж зарим талаар хүрэлцэхгүй байгаагаас үүдэн иргэдийн өргөдөл, гомдлын мөрөөр шалгалт хийж чадахгүй нэлээд тохиолдолд ажил хариуцсан байгууллагад нь шилжүүлж байгаа нь хүмүүсийн санаа сэтгэлд төдийлөн нийцдэггүй юм байна. Хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг ч Улсын Их Хурлын үйл ажиллагаатай холбон үзэх тохиолдол элбэг байна. Хууль хэрэгжүүлэх ажлыг гүйцэтгэх байгууллага, хууль сахиулах ажлыг шүүх засаглал эрхэлж байх учиртай. Харин хууль амьдралтай нийцэхгүй байгаагаас хэрэгжихгүй бол оногдох хариуцлагыг хууль тогтоох байгууллага, хууль санаачлагчийн хамтаар үүрэх ёстой. Ийм учраас бид хууль хэрэгжихгүй байгаа талаар хавтгайруулан ярих биш чухам ямар хууль яагаад хэрэгжихгүй байна гэдэг судалгаа хийж тодорхой ярьж шалтгааныг арилгаж байх хэрэгтэй юм. Улсын Их Хурлын нэр хүнд ерөөсөө хууль тогтоох байгууллагын онцлогтой ч холбоотой. Учир нь аливаа хууль тогтоох байгууллага нийгмийн доторх олон янзын сонирхлыг харгалзсан дундаж
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw