130 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Хаврын тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэх, зөөвөрлөх, худалдах гээд монгол орны хувьд онцлогтой, бидний аж амьдралын хамгийн чухал асуудал бодлогын хэмжээнд зохицож хараахан чадахгүй байна. Малчдын соёл, эмнэлэг, ахуйн үйлчилгээ, малчдын хүүхдэд боловсрол эзэмшүүлэх зэрэг сэтгэл зовоосон хуримтлагдсан эмзэг асуудал олон байна. Хүн амыг хүнсээр хангах бодлогын хүрээнд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан хүн амд ногдох хүнсний бүтээгдэхүүний хэмжээг хангах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд хяналт тавьж байх хэрэгтэй юм. Энэ бүхнийг шийдвэрлэхэд төрийн бодлого зохицуулалт, төр засгийн дэмжлэг чухам юунд чиглэгдэн хэрэгжих ёстойг Улсын Их Хурлын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо төрийн бодлогын хувьд зангидан анхааралдаа байлгах ёстой гэж бодож байна. Улс төр, эдийн засгийн салбарт хийгдэж байгаа эрх зүйн шинэчлэлээс нийгмийн салбарынх хоцрогдож байгаа тухай өмнө нь тэмдэглэж байсан. Ирэх хаврын чуулганаар бид нийгмийн даатгалын багц хууль хэлэлцэж, нийгмийн салбарт зах зээлд шилжүүлэх талаар томоохон алхам хийнэ. Эдгээр хуулиудын боловсруулалтыг тал талаас нь машид нягтлан чамбайруулахын хамт хууль батлагдан гарсны дараах улс төр, эдийн засаг, нийгмийн сэтгэл зүйн үр дагаврыг урьдчилан сайтар тооцох ёстойг уг хуулийг хариуцан хэлэлцүүлэх хүн ам зүй, эрүүл мэнд, хөдөлмөр, нийгэм хангамжийн байнгын хороо онцлон анхаарна биз ээ. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг Улсын Их Хурлаас газар дээр нь зориуд үзэж танилцахаар төлөвлөж байна. Ялангуяа өөрөө удирдах ёсны байгууллагын талаар тус хуулийн зарим заалт амьдралд нийцэхгүй байгаа тухай санал шүүмжлэлийг судлан үзэж хуулинд өөрчлөлт оруулж болох юм гэж бодож байна. Улсын Их Хурал энэ чуулганаараа Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Энэхүү хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд маргаантай асуудлууд цөөнгүй бий. Засгийн газар санал зөрөөтэй эдгээр асуудлуудыг нарийвчлан судалж, хууль зүйн дагуу боловсруулан Улсын Их Хуралд оруулж шийдвэрлүүлэх бэлтгэлийг хангах хэрэгтэй. Саяхан Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиуд батлагдлаа. Нийгмийн амьдралд онц чухал ач холбогдолтой эдгээр хуулиудыг хэрэгжүүлэх ажлыг төрийн бүх шатны байгууллага өөрсдөөсөө эхлэн үлгэрлэн хэвшүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Бид Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай шийдвэр саяхан гаргасан. Өөрчлөлтийн дагуу холбогдох зохион байгуулалтыг Засгийн газар яаралтай хийх хэрэгтэй. Дээр дурдсан эдгээр асуудлын хэрэгжилтийн явцад Улсын Их Хурлын Хурал, захиргааны байнгын хороо хяналт тавьж ажиллавал зохино. Хүмүүсийн хүлээж, ажиглаж байсан Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиуд батлагдсан. Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хороо энэ хуулиудын хэрэгжилтэнд байнгын хяналт тавьж шаардлагатай бол Улсын Их Хуралд эдгээр хуулиудын
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw